Онлайн Парламентаар таван асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Цахим хэрэглэгчдийн дуу хоолой санал санаачлагыг төрд хүргэх  зорилгоор  WWW.ZINDAA.MN болон “ONLINE PR AGENCY”-аас Онлайн Парламентын төлөөлөгчдийг сонгох санал хураалтыг өнгөрсөн хугацаанд явуулсан билээ. Санал хураалтад нийт 599 хүн нэр дэвшиж 103093 хүн санал өгснөөс 33 хүн Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Ард иргэдийнхээ дуу хоолойг төр засагтаа хүргэж, улстөрчдийн хоосон амлалтуудыг ажил хэрэг болгохоор зорьж буй төлөөлөгчдийн дунд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Хаянхярваа, “BTV” телевизийн захирал Г.Баянжаргал, “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ийн тэргүүн Х.Бат-Ялалт зэрэг  олны танил хүмүүс багтжээ. Үүнээс гадна гадаадад суугаа монголчууд маань өөр өөрсдийнхөө Онлайн төлөөлөгчийг ч сонгосон байна.

Онлайн Парламентийн анхны хуралдаан өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дугуй зааланд болсон бөгөөд иргэдийн зүгээс ирүүлсэн санал санаачилга, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга барилаар ажиллах тухайгаа төлөөлөгчид хэлэлцсэн юм. Тухайлбал, онлайнаар дамжуулж авсан эдгээр 18 асуудлын дотор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулинд зарим өөрчлөлт оруулах тухай, Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн эрх, нийгмийн хамгааллын асуудал, Хэвлэлийн эрх чөлөөний асуудал, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн бодлого, Хүн амын хүнсний аюулгүй байдал, Улс төрийн намуудын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг багтсан байна. Тэдгээрээс эхний шатанд таван асуудлыг хэлэлцэхээр болсон бөгөөд Эрүүл мэндийн чанар, стандарт үйлчилгээ, Сонгогчдын эрх ашгийн тухай асуудал болон Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын нийгмийн хамгаалал, Хэвлэлийн эрх чөлөө, Засаг захиргааны тухай асуудлуудыг сонгожээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top