Б.Насанбилэг: Гадаадад суугаа монголчууд эх орондоо ирсэн ч ажлын байр дутмаг хэвээр

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 02

Онлайн Парламентийн Азийн төлөөлөгч Б.Насанбилэгээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе. Тэрбээр өдгөө Япон улсын Сожицу корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газарт Ерөнхий менежерээр ажилладаг юм байна.  

-Онлайн төлөөлөгчид анхны хуралдаанаа хийлээ. Таны хувьд, ямархуу сэтгэгдэлтэй байна вэ?

-Гадаадад сурч, ажиллаж байгаа монголчуудад маань ямар саад бэрхшээл тулгарч байна вэ, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон эх орондоо эргэж ирэхэд нь юу садаа болж байгааг сайн судлах хэрэгтэй байна. Энэ мэт олон асуудлыг зангидаж, төр засагтаа хүргэх үүргийг би хүлээж авсан гэж ойлгож байгаа. Онлайн Парламентаар дамжуулан бид зорьсон хэргээ бүтээж, итгэл хүлээлгэсэн элэг нэгтнүүдийнхээ төлөө ажиллана.

-Онлайн Парламентийн нэг онцлог нь гэвэл, гадаадад суугаа монголчуудынхаа оролцоог түлхүү хамруулах боломжтой. Гадаадад амьдарч буй монголчуудаа төлөөлж гурван хүн сонгогдсон байгаа. Онлайн сонгуульд гадаадад суугаа монголчууд маань хэр оролцсон бол?

-Тийм ээ, санал хураалтад гадаадад суугаа монголчууд маань оролцсон гэдэгт би итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдэд санал өгөх журмаар гадаадад байгаа Монгол иргэд идэвхтэй оролцсон болов уу. Тэр ч утгаараа, интернэт болон сүлжээгээр холбогдох Онлайн Парламент давуу тал ихтэй. Энэ боломжоо ашиглан бид гадаадад суугаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахад хувь нэмрээ оруулья гэсэн сэтгэлийн дуудлагаар энд цугларсан гэж ойлгож байгаа.

-Онлайн төлөөлөгчийн хувьд, эхний ээлжинд ямар санал шийдвэрийг гаргах гэж байна вэ?

-Мэдээж, тодорхой хэмжээний асуудлууд бий. Тухайлбал, гадаадад суугаа монголчууд маань эх орондоо эргэж ирлээ гэхэд ажлын байрны асуудал дутмаг байгаа нь харамсалтай. Гадаадад олон жил ажиллаж байгаа ирсэн хүмүүс “Хаанаас, яаж ажил олж хийх вэ. Хэрхэн ажилтай, орлоготой амьдрах вэ” гэж санаа зовних асуудал бий. Мөн гадаадад амьдарч байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөх асуудлууд ч байгаа. УИХ-ын 2012 оны сонгуулийг эс тооцвол, өмнө нь гадаадад суугаа монголчууд маань УИХ-ын сонгуульд саналаа өгөх эрхгүй байсан. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдлэхэд нь бид ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой байгааг судална. Гадаадад суугаа иргэдийнхээ хүсэл бодол, санал санаачилга дээр үндэслэн цаашид хэрхэн ажиллахаа шийдвэрлэнэ гэж бодож байгаа.

Р.Есүй 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(76.84.59.90) 2013 оны 05 сарын 03

Bayar hurgei. Zov asuudal gargaj tavisan bna. Huuli erkh zuin talaas ni nuhatstai avch uzeerei.Amjilt husei.

0  |  0
Top