Багахангай дүүргийн онлайн төлөөлөгч Д.Мөнхтөртэй ярилцлаа. МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын даргын Залуучууд хариуцсан зөвлөх тэрбээр МАХН-ын “Шударга ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн оюутны холбооны Ерөнхийлөгч төдийгүй “Мөнх тэнгэрийн эзэд” ХХК-ийн захирлаар ажилладаг ажээ.
-Багахангай дүүргийг төлөөлөх Онлайн төлөөлөгч боллоо. Таны хувьд, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Мэдээж, итгэлтэй байлгүй яахав. Онлайн Парламентад 600 гаруй хүн нэр дэвшсэнээс 33 төлөөлөгч сонгогдсон юм билээ. Миний бодлоор, Онлайн Парламентын бүрэлдэхүүнд онлайнд идэвхтэй байдаг, мөн нийгмийн тэргүүлэх салбаруудыг төлөөлж буй шилдэг залуус багтсан байна. Эх оронч үзлийг дээдлэх, хойч ирээдүйдээ сургамжлан өвлүүлэх, нийгмээ соёлжуулах чиглэлээр санал бодлоо уралдуулдаг байгаасай гэж би бодож байгаа. Миний хамгийн сайн мэдэх жишээ бол Монгол коммент фэйсбүүк групп. Тэнд үнэхээр нийгэмд буй алдаатай бодлого, болж бүтэхгүй байгаа асуудлуудыг оруулдаг байхгүй юу. Тэр бүхний төлөө 40 мянган хүн санал бодлоо уралдуулж байна. Ардаа ямар ч “сэтэргүй”, хүрээлэл багатай залуус тэнд үзэл бодлоо илэрхийлж байгаа шүү дээ. Харин энд бол огт өөр. Ардаа мянга мянган залуусаар хүрээлүүлж, тэднийг уриалж, хөгжүүлж чадахаар төлөөлөгчид Онлайн Парламентад сууж байна. Хэрэв бид нар авлига, ёс суртахууны доройтол, хүнд суртал, алдаатай үйл ажиллагааны тухай баримт дэлгэж чадвал тэр асуудлыг нийгэм даяар түгээж, олны санал бодлыг тусгах боломжтой гэж үзсэний үндсэн дээр би энд орж ирлээ. Түүний төлөө өөрийнхөө хийж чадах бүх зүйлийг зориулна.
-Бодит парламентад сууж буй улстөрчдийг хоосон амлалтаар хуураад дөрвөн жилийг үддэг гэлцэх нь бий. Тэгвэл цахим ертөнцийн хэрэглэгчдийхээ дуу хоолойг төрд хүргэх, үйл ажиллагаандаа тэдний үзэл бодлыг тусгах, бодит парламентийн ажилд хяналт тавих маягаар ажиллана хэмээн онлайн төлөөлөгчид маань үзэж байгаа?
-Тийм ээ. “Сүүдрийн Засгийн газар” гэж тодорхойлоод байгаа юм билээ, биднийг. Ямар ч гэсэн, бодит парламентийн танхимд ярьж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна бид нийгэмд болж байгаа жижиг асуудлуудыг ч давхар ярина гэж бодож байна. Тэгэхээр бодит парламентаасаа хоёр дахин өндөр үүрэг хариуцага, ачаалалтай ажиллана гэсэн үг. Бодит парламентад сууж буй улстөрчид хууль батлах, Засгийн газрын тухай асуудлыг хэлэлцэж байгаа бол бид нийгмээ соёлжуулах чиглэлээр ажиллана. Энэ дотор бодит парламентийн асуудлууд багтах нь тодорхой. Бидний хэлэлцэж буй асуудлууд илүү бодитой, хөрсөнд буух сэдвүүдтэй. Гэхдээ ирээдүйд энэ төсөл маань хэрхэн үргэлжлэхийг одоогоор таахад бэрх.
-Багахангай дүүргийн хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Өөрийн тань авч хэрэгжүүлэх ажил?
-Дүүрэг маань хотоос нэлээд зайтай. Оюутнууд бараг байхгүй, залуучууд цөөтэй газар. Энэ ч утгаараа, интернэт хэрэглэгчид цөөхөн. Соёл хүмүүжлийн чиглэлээр хотоос нэлээд тасарчихсан болохоор онлайн хэрэглэгч залуус цөөн байх нь тодорхой л доо. Гэхдээ тэндхийн залуусыг хотын залуустай хөл нийлүүлэн алхах, соёлжиход нь туслахын тулд ядаж мэдээллээр хангах хэрэгтэй байна. Багахангайн залуусын групп байгуулаад ч юмуу хотын соёлын холбогдолтой мэдээ мэдээллүүдийг дамжуулж өгөх нь миний нэн тэргүүнд хийх ажил гэж бодож байгаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )