ШӨХТГ-аас “Сант Марал” санг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тус сангаас 2013 оны 4-р сарын 5-21-ний хооронд Улаанбаатар хот болон Увс, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудад Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар явуулсан судалгаандаа: “Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улсын их хуралд суудалтай намуудаас аль нь Таны санал бодолд тохирсон нэр дэвшигч дэвшүүлж чадах бол?”, “Таны бодлоор Монголын Төрийн Тэргүүний /Ерөнхийлөгчийн/ албан тушаалыг хэн нь хамгийн сайн гүйцэтгэж чадах вэ?” гэсэн санал асуулга явуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилсан нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5.4-д заасан “Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байгаа аж.
Дээрхи хууль зөрчсөн "Сант Марал" санд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай" хуулийн 33.19-ийн заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/1.123.200/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Иймд нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Сант Марал” сангийн дээрхи санал асуулгын дүнд тулгуурласан Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан аливаа хэлбэрийн мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг, хэрвээ зөрчлийг дахин давтан гаргасан тохиолдолд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай" хуульд заасан арга хэмжээ авахыг ШӨХТГ-аас анхааруулав.
Сэтгэгдэл ( 1 )
Alai yum Elbegt zoriulsan hudlaa sudalgaa