Долоон байнгын хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа УИХ-ын долоо хоногийн үйл ажиллагааны талаархи ээлжит мэдээллээ өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.
Тэрээр мэдээлэлдээ, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас баталсан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдээс гадна 3 ажлын хэсэг хуралдах бол маргааш бас 3, пүрэв гарагт нэг ажлын хэсэг хуралдана. Харин маргааш 4 байнгын хороо хуралдах бөгөөд Хууль зүй, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн албаны зөвлөл хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буйтай танилцах ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байна. Лхагва гарагт Эдийн засгийн байнгын хороо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2012 оны үндсэн чиглэлийн биелэлт, Үндэсний статистикийн газрын 2012 оны үй ажиллагааны тайлан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Уул уурхайн яамнаас нөхөн сэргээлтийн талаар авч буй арга хэмжээний тухай сайдын мэдээлэл, Ерөнхий сайдын захирамжаар Дорноговь аймагт ажилласан ажлын хэсгийн тайланг сонсох бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах, зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг дурдлаа.
Харин чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай; Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх; Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэхийн зэрэгцээ Засгийн газрын цагаар УИХ-ын зарим гишүүний асуулгын хариуг сонсох юм байна.
УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагааны тухайд тэрээр хэлэхдээ, чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Д.Сумъяабазарын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулсны дараа дэд даргыг сонгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр завсарлага авсан тул дэд даргыг сонгох асуудал хойшлогдсон. Мөн байнгын хорооны хуралдаанаас хэлэлцэхийг дэмжээд байсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжээгүй тул хуулийн төслийг буцаасан. Учир нь намуудын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа учраас гишүүдийн олонх нь асуудлыг нэг мөр авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсныг мэдээлэлдээ дурдав. Харин Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Манай улс хууль тогтоомжоо боловсронгуй болгох асуудлыг тухайн УИХ-ын бүрэн эрхийн хугцааагаар төлөвлөн хэрэгжүүлж ирсэн байдаг. Тухайлахад хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009 онуудад УИХ-аас баталж иржээ. Энэ удаагийн үндсэн чиглэлд тусгуулахаар хууль санаачлагчдаас нийтдээ 312 хууль, УИХ-ын 27 тогтоолын төслийн талаар санал ирүүлснээс 191 хууль, УИХ-ын 23 тогтоолын төслийг боловсруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасныг хэлэв.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн Баасан гарагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Төрийн ордонд зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаархи үндэсний чуулганд оролцож хэлсэн үгэндээ төв, орон нутгийн бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд өөрсдийн байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлэх талаар нэг сарын аян зохион байгуулж ажиллахыг уриалсныг онцлов. УИХ-ын даргын хувьд Төрийн ордны хойд талын гол хаалганы гадна, дотно шатанд налуу зам барьж, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулан тохижуулах, тэргэнцэртэй иргэн зорчих зориулалтын цахилгаан шат суурилуулах даалгаврыг холбогдох хүмүүст өгснөөр Төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчин бүрдээд байгаа юм. Иймээс энэ санаачлагыг дэмжиж өөрсдийн байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлэх талаар нэг сарын аян зохион байгуулж ажиллахыг УИХ-ын дарга уриалсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top