УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2013-05-08/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс санал авч нэгтгэн боловсруулсан байна. Тогтоолын төсөл батлагдсанаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил 4 жилийн хугацаагаар төлөвлөгдөж, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл болох юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтгэн Байнгын хорооноос санал, дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Үүний дараа Уул уурхайн яамнаас нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонслоо. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын төлөвлөгөө, тайланд хяналт тавьж, уурхайнуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлтийн судлагаа, зураглалын ажлыг хийж байгаа нь уул уурхайн салбарын нөхөн сэргээлт болон эвдрэлд орсон газрын өнөөгийн байдлыг дүгнэх, уул уурхайн салбарын хөгжлийн түвшинг тодорхойлоход яамны зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ дурдлаа. 1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүнээс техникийн нөхөн сэргээлтийг 9541.5 га, биологийн нөхөн сэргээлтийг 4476.2 га газарт хийсэн байна.
Ингэснээр эвдрэлд орж эзэнгүй болсон нөхөн сэргээлтэд 51,857 тэрбум, байгаль орчныг хамгаалах зардалд 26.921 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин нөхөн сэргээлт хийгдээгүй 9751 га талбай байгаа аж. Монгол Улсын хэмжээнд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 703 нэгж талбар бүхий 4320.5 га талбай эвдэрч орхигдсон. Эдгээр газруудад эзэн холбогдогчдыг тогтоох чиглэлээр УМБГ-ын “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх хэлтэстэй хамтран гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Су.Батболд “Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид байгальд хэтэрхий хойд эх шиг хандаж байна. Жишээ нь, Төв аймгийн Заамар сум өмнө нь Монгол Улсыг тэжээж байсан газар. Харин одоо ямар болсныг хүмүүс харж байгаа. Нэг компани очоод газрын хөрсийг ухаж төнхөж хаячихаад явж байгаа нь тэнд амьдарч байгаа хүмүүст яаж тусах нь ойлгомжтой. БОНХЯ, Уул уурхайн яамд нэг нь байгалаа хамгаалдаг, нөгөө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Иймд найзан дундаа бус бие биенээ хянадаг байх ёстой. Тиймээс бусад салбарынхантай адил яваад байж болохгүй. Уул уурхайн салбар илүү хариуцлагатай, мэргэжлийн хүмүүсийг уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг байхад яам онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм. 20 жил уул уурхайн салбарт нөхөн сэргээлт ямар ч хяналтгүй замбараагүй байж, 2008 оныг хүртэл нөхөн сэргээлтийн стандартгүй явж ирсэн. Харин одооноос олон улсын стандартад нийцүүлэн эрдэс баялгийн төрөл, ашиглалтын стандартын хэм хэмжээг шинэчилэхээр ажиллаж байна. 20 жил замбараагүй явж ирсэн байдлыг 8 сард цэгцлэх амаргүй байгааг ойлгох хэрэгтэй. Нөхөн сэргээлтийг тодорхой эрх авсан компаниуд хийдэг. Компаниуд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргачихаад түүнийгээ гүйцэд хийдэггүй. Иймд тухайн компани нөхөн сэргээлтийн үйл ажиллагаандаа хөндлөнгийн аудит оруулдаг, түүнийг нь төр хянадаг зарчимд шилжиж байгаа гэсэн тайлбарыг БОНХ-ийн сайд С.Оюун өглөө. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Гадаадын зарим байгууллагууд бичил уурхайг дэмжиж хөрөнгө оруулж байгаа ч энэ талын мэдээлэл ховор байдаг. Хоёр яам эвдрэлцээд явах бус хамтарч ажиллах нь чухал. Монгол Улсын Ашигт малтмалын салбарт шинэчлэлийн салхи хэрэгтэй байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль либерал хууль. Хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал сөрөг үр дагаварыг авчирч байна. Иймд төрөөс уул уурхайн талаар баримтлах бодлогыг яам яаралтай оруулж ирэх шаардлагатай байна ” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн А.Бакей төрийн байгууллагуудын уялдаа холбоо тааруу байна. Хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн стандартыг бий болгох хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. Мөн тэрбээр эвдрэлд оруулсан эзэнгүй газар гэж юуг хэлээд байна вэ. Ямар ч тохиолдолд тодорхой эзэнтэй л байж таарна шүү дээ. Эзэнгүй гэж биччихээд улсын төсвөөс хөрөнгө гаргуулаад байдаг нь зөв юм уу гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг эзэнгүй гээд байгаа талбайн 40 хувь нь гар аргаар олборлолт хийдэг нинжа нарын орхисон талбай байдаг. Зарим компаниуд нөхөн сэргээлтээ хийлгүй дампуураад алга болсон байна. Иймд хаягдсан, хариуцах эзэнгүй болсон талбайн нөхөн сэргээлтийг төсвөөс хийгээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа гэлээ.
Ингээд уг асуудлаар Байнгын хорооноос тогтоолын төсөл гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )