БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхлээд байгаа. Монгол Улсын Шадар сайд, Монгол, Хятадын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан технологийн Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчитэй албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож ярилцав. Сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрч байгааг талууд санал нэгтэй тэмдэглэсний зэрэгцээ хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор дэд бүтэц, зам тээвэр, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзалт хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )