УИХ-ын гишүүн М.Батчимэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Герман судлалын төв, Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам, Конрад-Аденауэрын сан, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Герман - Монголын харилцаа: Өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцож илтгэл тавилаа.
Тэрбээр “Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн болох нь” сэдвийн хүрээнд тавьсан илтгэлдээ Монголын ардчиллын замнал, онцлог ач холбогдлын талаар өгүүлж, “ардчилал хөгжих магадлал хамгийн багатай” хэмээгдэж байсан Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн дотор ардчилсан орон болж төлөвшихөд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар ярьсан юм.
“Судлаачид Монголд ардчилал тогтоход нөлөөлсөн гадаад, дотоод олон хүчин зүйлсийг авч үздэг. Миний хувьд хоёр чухал зүйлийг нэн түрүүнд онцлох нь зүйтэй гэж боддог юм. Нэгд, монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг, зан заншлаас улбаалсан хувь хүний эрх чөлөөний гүнзгий мэдрэмж. Хоёрт, монголчуудын хоёр мянга гаруй жилийн түүхтэй төрт ёсны уламжлал, дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн онцгой үүргээс үүдэлтэй үндэсний бахархал, үндэсний эрх чөлөөний үзэл” гэж УИХ-ын гишүүн М.Батчимэг онцолсон.
Монгол Улс хоёр хөрштэйгээ харилцах бодлогод ихээхэн ач холбогдол хандуулахын зэрэгцээ, Герман зэрэг өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудтай гуравдагч хөршийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлздэг. Анхны ардчилсан Үндсэн хуулиа батлахаас эхлээд өнөөг хүртэл эрх зүйт ёс, хуулийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд манай улс Герман улсаас олон зүйлийг суралцаж ирсэн. Монголд эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, батлан хамгаалах салбарт мэргэжлийн чадавхи бэхжүүлэх чиглэлээр өнөөдөр ч Германы тал ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгааг тэмдэглэв. Үүний сацуу, Герман улс Европ дахь Монгол Улсын хамгийн ойр түнш орны хувьд цаашид Германы хөрөнгө оруулалтад тааламжтай нөхцөл бүрдүүлж, дэмжих чиглэлээр бодитой, зоримог алхам хийх шаардлагатай гэж боддогоо УИХ-ын гишүүн М.Батчимэг илэрхийлсэн.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд зөвхөн дэмжлэг туслалцаа авах бус, олон улсын аюулгүй байдал, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэлтэй байдаг. Манай улсын зүгээс баримталж байгаа бодлого, Германы ард түмэн, Засгийн газрын найрсаг, өгөөмөр хандлагын үр дүнд цаашид Монгол – Германы харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )