Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлав

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013.05.09/ хуралдаж, Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
    Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг манай улс хүлээн зөвшөөрснөөр 2000 оны долдугаар сарын 26-нд тус банкны 61 дэх гишүүн орноор элссэн юм байна.
    Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европын улс, Монгол зэрэг орон хамарч байсныг тус банкны захирлуудын зөвлөлийн 2011 оны 137, 138 дугаар тогтоолоор Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудыг нэгтгэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү банк санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж байгаа нь банкны зорилго, чиг үүргийн асуудалтай шууд хамаарах учир гагцхүү банкны бүх гишүүд асуудлыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, зохих журмын дагуу мэдэгдлээ ирүүлсэн тохиолдолд л банкны санхүүжилтийн үйл ажиллагаанд хамрагдах эрх бүхий орнуудыг нэгдэн орсноор тооцох юм байна. Улмаар Газрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудтай эдийн засгийн харилцаатай болох аж.
   Монгол Улс хэлэлцээрт нэгдэн орсон бүрэн эрхт гишүүний хувьд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бусад гишүүн орны адил өөрийн саналаа албан ёсоор мэдэгдэх ёстой юм байна. Байнгын хорооны гишүүд Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн юм.
    Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж  энэхүү асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар хуулийн төслийг соёрхон баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top