Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх хуваарийн дагуу хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Сумъяабазарыг тангараг өргүүлсний дараа дэд даргын асуудлыг хэлэлцье хэмээн санал гаргасан боловч УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хойшлуулах шаардлагагүй гэсэн юм. Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томилох байнгын хорооны тогтоолын төслөөр санал хурааж, 53,7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргаар томиллоо. 

Р.Гончигдорж 1988-1990 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнгийн захирал,  1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, 1992-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1994-2000 онд Монголын Социал Демократ Намын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2003 оноос Алтангадас ассоциацын ерөнхийлөгч, 2004-2006 онд Ардчилсан Намын дарга, 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004 оноос УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, 2005-2006 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Ардчилсан Нам-МАХН-ын хамтарсан бүлгийн дэд дарга, 2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албыг тус тус хашиж байсан. 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажилладаг сонгуульт ажилтай байв.  

Мөн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон. Тэрээр 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дэр даргаар сонгогдон ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top