Одоо ч ёстой “алуулна” биз. Ер нь эх түүхээ ч мэдэхгүй, шашин үндсээ ч гадарлахгүй хүмүүстэй яаж ч ярьсан яадгийм ?! Манай түүх бичлэгт шарын шашныг хятад, манжууд дэлгэрүүлээд биднийг ихэд хорлосон гэсэн гаж үндэслэл байдаг бөгөөд энэ нь манай нийгмийн оюун сэтгэлгээнд амь бөхтэй орших болжээ. Ганц шашин ч биш, эргэн тойрон хавьтсан ойртсон болгоноо эсвэл хараан зүхдэг, эсвэл “боолын боол” болдог манай мунхаг харанхуй сэтгэлгээ, үйлдлийг би ярьж байна. Тэгээд энэ талаар “тэнэгийг чинь дуудах” гэсэн юм…
Шашин “авахын” учир
Монголд шарын шашныг “анх” дэлгэрүүлсэн хүн нь Түмэдийн Алтан хан (1507-1582) гэж манай түүхэнд бичдэг. Ерөнхийдөө буруу ч биш. Монголын баруун гурван түмэний жонон Барсболдын хүү Амда жононг ийн нэрлэнэ. Амдагийн үед 1542 оноос Түмэд нэн хүчирхэг болж эзэн хаанаас бараг давуу байдалтай болж ирсэн юм. Их хаан, жонон нарыг дагаж гавъяа байгуулсан учир “хан” болж Алтан хан гэгдэх болсон. Алтан хан 1577 онд Түвдийн лам Содномжамцыг залж өөрөө тэргүүлэн Ордосын ноёдыг шашинд оруулжээ. Энэ үед Мин улс л гэж байсан.
Энэ бол таран бутарч байсан Монголыг “шинэ үзэл суртлаар” нэгтгэх гэсэн нэлээд эхний оролдлого мөн.
Тэр үед буюу XYI зууны үед Монголын байдал ихээхэн түгшүүртэй байв. Хойт талд Оросууд Өвөр Байгалийг эзлэн авч манайд шууд тулж ирэв. Дорно зүгт Манж гүрэн мандан гарав. Баруун өмнө зүгт Цагаадайн угсааны Моголын улс үймээн самуунтай задралын ирмэг дээр байв. Бас манай хүчирхэг Ойрдын умарт талд Казак, Киргиз аймгууд идэвхиж эхлэв. Өмнө талд гол дайсан Мин улс нэн хүчирхэг байв.
Эргэн тойрон аюул нүүрлэсэн энэ үед Монгол өөрөө ёстой баларч байлаа. Дурдан буй үед Монгол өөрөө Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад Монголд хуваагдаж задралын ирмэг дээр байв. Харин Өмнөд болон Ойрд Монгол нь илүү хурдан хүчирхэгжиж байв. Монгол гурав тасарсан байдалтай ч аль аль нь өчүүхэн жижиг “юмнууд” байгаагүй.
Гэхдээ хөгжлийн ялгаа илт байжээ. Ойрд Монгол нь баруун тийш торгоны замд ойр байдаг учир “цаашаагаа” харилцах боломж ихтэй байсан. Өмнөд Монгол нь Хятадтай ойр байсан учир бас л эдийн засгийн боломж сайтай байсан нь эргэлзээгүй. Харин Халх Монгол нь төв мөртлөө бусдаасаа хоцрогдсон байж. Яагаад Халхаас бусад нь илүү хурдан хүчирхэг болоод байсны шалтгаан энэ л дээ…
Өмнө нь олон оролдлого байсан ч өмнөд Монголын Түмэдийн Алтан хан шашин нэвтрүүлсэн гэж түүхэнд оржээ. Чингэхдээ тэр энэхүү “үзэл суртлыг” ашиглан задралыг зогсоож чадна, улмаар бүх Монголыг нэгтгэж болно гэж бодсон хэрэг. Эхэндээ тэр шашин нэг их шүтдэг байсан нь юу л бол ?!
Ордосын Хутагтай Цэцэн хун тайж Алтан ханы даалгавраар зүүн хойт Түвдэд довтлоод: “Та бүхэн дагаар орвоос бид шашинд чинь оръё” гэсэн болзол тулгасан байдаг. Шашныг нь шүтэх гэсэн хүмүүс ийм болзол тавьдаг юм уу ?! Алтан хан ч гэсэн 1570 онд өөрийн биеэр Түвдийг довтолж “Түвдийн олон худалдаачин лугаа дайлалдаж, мянган ламын амийг аварсан” гэж түүхэн сурвалжид өгүүлдэг. Харж байгаа биз !!! Тэр Түвдэд байсан баахан худалдаачныг “дээрэмдэж”, баахан лам нарыг “буулгаж авсан” байна. Өөр яаж тайлбарлах юм ?! Ингэхээр Алтан хан эхэлж Түвдийн төрийг гартаа оруулчихаад дараа нь шашныг нь авсан нь илт байна. Эхлээд “улс төр, эдийн засгийн” шалтгаан байж л байгаа биз дээ…
Хаа очиж иймэрхүү юман дээр Маркс багш худлаа хэлж, алдаа гаргадаггүй юм…
Ингээд болоогүй ээ. III Далай лам Содномжамцын хойт дүр Алтан ханы дүү Сүмэр хунтайжийн гэрт тодров гэж зар тараав. Анхны пиар гэж энийг л хэлдэг байх…
Алтан хан адилхан “монгол толгойнууд” бас байгаа гэдгийг дутуу тооцсон юм. Бусад нь юу боллоо гэж Алтан ханыг ганцааранг нь мандуулдаг юм ?!
Ингээд Халх, Ойрдын ноёдууд бүгдээрээ Түвд рүү гүйлдэх болов. Халхын Абтай сайн хан үүнийг манлайлав. Харин Абтай сайн хан задран буй Халхыг шашны хувьд дахин нэгтгэх үүргийг үүргийг гарамгай сайн биелүүлж “алдагдсан үүргийг” нь дахин сэргээж чадсан гэж би боддог юм. Энэ санаа “цэвэр” халх миний толгойд огт ороогүй явахад хуурай дүү ойрд залуу маань хэлж өгснийг хэлэхэд надад ичих юм алга. Гэвч энэ нь жич ярих асуудал юм…
Домогт ийн өгүүлнэ. Абтай сайн хан Түвдөөс шашин “авах” гэж очиж гэнэ. “Залах” бурхан, лам хоёроо өөрөө сонго гэсэн юм байх. Тэхээр нь бүгдийг нь сэлмээрээ чичээд явж гэнэ. Бүгдээрээ айгаад далдираад байх юм гэнэ. Тийм “шүтлэгтнээс” чинь айлгүй яадаг юм ?! Манай хан “айгаагүйгээр” нь Гомбогүр бурхан, нэг лам хоёрыг сонгож. Буцах замдаа Абтай сайн хан Бурханаа газар тавьж байгаад бие засчихаад авах гэсэн тэндээсээ “явж” өгдөггүй гэнэ. Ханы уур хүрч сэлмээрээ Бурхнаа хоёр тасалж, толгой талыг нь Монголдоо “залж” авчирч. Одоо ч гэсэн манай Эрдэнэ Зууд бий л дээ. Гол шүтээн нь. Харин бөгс нь тэндээ үлдэж Бөгсийн даваа гэдэг болж. Хэзээ ингэж шашин шүтэж байсан юм ?! Энэ хэдий домог ч Монголчууд тэр үед шашиндаа хэр “хүндэтгэлтэй” ханддаг байсан нь илт. Яг үзэгдлийн мөн чанарын хувьд энэ байдал одоо ч гэсэн нэг их өөрчлөгдөөгүй л дээ…
Энэ нь тэр үедээ ч шинэ үзэгдэл байгаагүй юм. Лигдэн хаан ч гэсэн Түвдийн шашныг ихэд дэмжиж байсан. Гэтэл Түвдийн шашин олон урсгалтай зөрчилтэй, сүүлдээ манжийг дэмжиж татагдах болсноос Лигдэн хаан улааны урсгалыг “авах” болсон юм.
Ямар ч гэсэн Азид хүчтэй нөлөө үзүүлэх үзэл санааны төв Түвдэд бий болсон гэж үзэж болно.
Хачин өрсөлдөөн
Сүүлдээ хачин орчил тогтов. Манайхан өөрийгөө яая гэж байж Түвд рүү үхэн хатан зүтгэж дайн байлдаан хийж, Түвдийн төрийг “төвхнүүлдэг ажилтай” болов. Тэгээд хамаг мөнгөө өргөл барьц болгож өгөөд баахан цол хэргэмтэй болоод ирэх. Дэвшүүлэн гаргаж төр бариулсан түвд лам нартаа Монголчууд цол хэргэм хайрлахгүй шагнах. Ямар гарзтай юм биш !!! Монголд ирэхдээ ганцаараа ирэхгүй баахан лам дагуулж ирнэ, энд хар мянган сүм хийд барина, шашин дэлгэрүүлнэ. Ийм л юм болдог байлаа…
Эндээс Монголын хаад ноёд Түвдийг “рэкетлэж” шарын шашныг авч дэлгэрүүлж байсан гэсэн үнэнд арай илүү нийцсэн цорын ганц дүгнэлт гарна…
Алтан хан шарын шашныг авсан нь Монголын хаан даян Батмөнхийн угсааны Түмэн засагт хаантай илт өрсөлдсөн шинжтэй байсан. Түмэн засагт хаан 1576 онд Түвдийн илд зангидагч Гармаа ламыг Монголд авчирч багш шавь барилдан шашинд орж, улсын дотор шашин дэлгэрүүлэх ажил зохиож байсан гэж Саган сэцэн “Эрдэнийн товч”-доо тэмдэглэсэн байдаг. Ингэхээр Монголын хаад шашнаар уралдаж, өрсөлдөж байсан нь эргэлзээгүй байна. Тэхдээ Түмэн засагт хаан улааны шашныг, Алтан хан шарын шашныг “зөрүүлж” авсан болон Ойрдууд “уралдан” авсан зэрэг нь тэдний өрсөлдөөнийг харуулж байгаа болохоос шашныг авах нь гол зорилго биш байсныг давхар нотолно.
Яагаад шашин “уралдаж” авсан юм бол ?! Феодалын бутралыг дагалдан монголын аварга том арми олон хэсэг задарсан нь мэдээж. Олон задарсан армийн хэсгүүд бол хамгийн их аюул юм. Тухайн үеийн монголын нийгэм бол тэр чигээрээ арми юм. Тэдний заримыг бушуухан лам болгох, үгүй ядаж номхон томоотой байлгахгүй бол ардын бослого хөдөлгөөн гарах аюул байсан байх. Энэ нь шашин авах дотоод шалтгаан болох бүрэн үндэстэй. Гэхдээ өөр үндэслэлүүд ч байж болох…
Тэхээр шарын шашин Монголчуудыг үндэстний хувьд нэгтгэх боломжийг (?!) өөртөө агуулж байжээ. Ийм болохоор Монголын хаад ноёд уралдаж өрсөлдөж түүнийг авч байжээ. Энэ үйл явцад Мин болон Манж ямар ч хамаагүй. Харин Мин болон Манж гүрэн Монголд нэгэнт нэвтрээд хүчээ аваад эхэлсэн үйл явцыг удирдах, залан жолоодох, ашиглах оролдлого хийж байсан. Яаж “ашиглах” гэж ?!
Мин улс бол саяхан Юан гүрнийг унагасан Хятадын олон угсаат улс учраас “үзэл суртлын” хувьд “сайн” байсан гэвэл номонд хазгай. Би сайн мэдэхгүй боловч Мин улсад күнз, даосизм, буддизм гурав л гол байсан байх ёстой. Тэхээр олон угсааны улсыг нэгтгэхийг тулд буддизмыг ашиглахаас өөр арга байгаагүй байх. Үүнийг судлан үзэх ёстой.
Манжийн хувьд гэвэл бүр ч илүү “ойлгомжтой”. Тэд бөөгийн шүтлэгт улс байсан. Том эзэнт гүрэн байгуулаад Бурхны шашинд татагдах болсон. Өөрөөр хэлбэл Манжийн дотоодод ч гэсэн бөө мөргөлөөс Бурхны шашин руу шилжсэн. Гэхдээ Манж илүү том улсуудыг эзэлж байсан болохоор шашныг төр улсаа нэгтгэх зорилгоор хэрэглэсэн байх. Хятадыг күнз, даосизмаар нь “удирдах” боломжгүй. Тэхээр Бурхны шашин хэрэгтэй. Монгол, Түвд мэтийг Бурхны шашингүйгээр бас л удирдах боломжгүй. Тэхээр тэд шашныг “ашиглах” нь зүйн хэрэг.
Манай өндөр гэгээн Занабазар 1688 онд Ар Элстэйд хийсэн Халхын ноёдын “яаралтай” чуулган дээр арга буюу сонголт хийж хэлэхдээ: “…Өмнө зүгийн хар Хятад (Манж) хэмээх улсын төр түвшин амгалан сайны дээр бас түүнд Бурхны шашин дэлгэрсэн…” гэж хэлсэн нь манай түүхчдийн чихний хажуугаар өнгөрдөг. Сонголтыг арга буюу хийсэн нэг гол шалтгаан нь “нэг шашин” байсан нь нэн тодорхой байна.
Түүх яаж ч эргэсэн Монголд шашин нэгэнт дэлгэрчихсэн байж. Барууны хэллэгээр яривал Өндөр гэгээн “уния” буюу шашны холбоо тогтоосон юм биш үү ?!
Гэтэл манай түүх бичлэг энэ асуудлыг огт судлалгүйгээр “бүх бурууг” Мин болон Манж нарт тохож, шарын шашныг тэднийг нэвтрүүлсэн гэж одоо болтол үзэж байгаа нь утгагүй. Мэргэжлийн бус хүн хальт харахад л ийм байна ш дээ. Ингэхээр ямар ч хүн үнэмшимгүй буруу түүхээ засч болдоггүй юм уу ?!
Манайханд ёстой нэг утгагүй зан байна аа. Таалагдахгүй буруу муухай зүйлээ гадныханд тохчихдог. Муусайн хятад, манжууд шарын шашин дэлгэрүүлж биднийг хорлоод, “ийм” болгочихсон юм. “Ийм” гэдэг нь өөрсдийгөө “тэнэг” гэж байгаа юм уу, “хоцрогдсон мал” шиг гэдгээ хэлж байгаа юм уу, ёстой бүү мэд. Ямар ч гэсэн монголын одоогийн түүхэнд ингэж бичдэг юм. Тэгвэл яах гэж шарын шашин шүтээд байгаам ?! Тийм л аймаар хорлонтой юм бол ?!
Шалтгааныг дахин дүгнэхүй
Ер нь нарийн судлаад шашин анх “тараасандаа” тулах юм бол Монголчууд л харин Манжуудад Бурхны шашин анх дэлгэрүүлсэн байж таараад байгаа юм. Та нар сайн бодоод үзээрэй л дээ…
Ямар ч гэсэн феодалын бутралд ороод задарч байсан Монгол Улс шарын шашныг авах улс төр, нийгмийн бодит шалтгаан байжээ. Нүүрлэн ирсэн улс төр, нийгмийн задрал бутрал, оюун санааны доройтлыг үзэл санааны хувьд зогсоож үндэстнийг буцаан нэгтгэх бодит шаардлага байсан гэж би ойлгож байна.
Гэтэл энэ нь хэтэрхий оройтсон байлаа. Том эзэнт гүрэн нэгэнт бие даасан хэд хэдэн хэсэгт хуваагдаж, “үзэл суртлын” хувьд ахин нийлүүлэх боломж шавхагдсан байлаа. Салан бутарсан тэдний “үзэл суртал”, зэр зэвсэг, улмаар эдийн засгийн хүч ойролцоогоор тэнцүү байжээ.
Ухаандаа хүчирхэгжиж буй манж гүрэнд “шинэ үзэл суртал” болох шашин хүч нэмж байсан бол бууран доройтож байсан Монголын хувьд хүчийг нь сулруулах нэгэн хэрэгсэл болжээ.
Ухаандаа Манжийн хаад ноёд шашнаас болж хоорондоо дайн байлдаан ганц ч хийгээгүй байхад Монголын хаад ноёд өөр хоорондоо хийгээд Түвд, Минтэй “улааны” болон “шарын” шашин хоорондын ноцтой дайн сөргөлдөөнд олон удаа оржээ.
Жишээ нь Лигдэн хаан, Цогт тайж, Гүүш хан Төрбайх нарын хоорондын тэмцэл тусгаар тогтнолын төлөө юу, шашны урсгалын төлөө юу гэдэг их маргаантай.
Манжийн Нурхач хаан яг үнэнийг хэлсэн юм: “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн. Урд Цахарын Лигдэн хаан Мин улсын жил бүр өгсөн эдэд орж, намайг өшөөлж, Мин улсыг дайлуулахгүй бөгөөд бас цэрэг илгээж тусалсны тулд би ийнхүү цэрэг илгээж Цахарыг дайлав.”
Тухайн үедээ Манж манайх руу ерөөсөө дайраагүй, Мин улс руу дайрсан. Харин манайхыг холбоотон болооч гэж хүссэн. Гэтэл манайх Мингийн хилийг хамгаалдаг байна ш дээ ?! Мин улсаас торго дурдан, эд бараа авах гэж тэр шүү дээ. Түүхэн баримт хараад байхад манайхан л новширсон юм байна лээ дэг. Яахаараа манжууд дандаа буруутай байх ёстой юм ?!
Одоо ч тийм ш дээ. Манж буруутай, Хятад буруутай, Орос буруутай, Америк буруутай. Монголоос бусад нь бүгдээрээ буруутай. Монголчууд бид үнэнхүү новшийн зантайгаа мэдэх хэрэгтэй ш дээ…
Өөр нэг жишээ: Зүүн гарын хаан Цэвээнравдангийн цэргийн нэрт жанжин их Цэрэндондов Ойрдыг их үймээнтэй байсныг үл харгалзан 1642 оноос эхлэн Түвдийн хаант төрийг 70 гаран жил барьсан ойрд монголын хошууд аймгийн Лавсан хааныг 1717 онд түлхэн унагасан явдал болно. Ингэж цэргийн алсын дайралт хийж Түвдийн “төрийг нураах”, дээрээс нь Манжийн цэрэгтэй үхэн байлдах шаардлага байгаагүй атал Түвдийн төрийг “төвхнүүлэхийн” төлөө монголын ноёд энэ мэт үйлдэл олон удаа хийж ирсэн нь хачирхалтай бөгөөд сайтар судлууштай.
Үүнийг Монголын, үгүй ядаж Ойрдын тусгаар тогтнолыг хамгаалсан гэж үзэж болохгүй мэт. Түүхэн сурвалжийн шалтгаан нь “хүн үнэмшихэд” хэцүү. Зүүнгарын Цэвээнравдан хаан охин Бодулагаа Түвдийн монгол угсаат хаан Лавсангийн хүү Галсанданзанд өгчээ. Өгөх өгөхдөө өндөр гэгээн Занабазарын зуучилснаар. Дашрамд энэ Бодула нь манай Амарсанаа баатрын ээж нь юм. Ингээд Цэвээнравдан хаан цагаан сараар Түвдээс бэлгэнд ирсэн морийг унаж яваад ойчиж бэртжээ. Тэгтэл морины эмээлээс хараалын шившлэгтэй юм гарчээ. Цэвээнравдан хаан уурлаж хүргэн Галсанданзангаа хоёр тогоо хөмөрч хавчиж байгаад шараад алчихжээ. Тэрээр жирэмсэн байсан охин Бодулагаа өөр хүнд өгч, тэгээд Амарсанаа төрсөн байна. Ингээд Түвдийн төрийг “төрийг нураах” аян дайн эхэлж, Лавсан хааныг алж байгаа юм. Уг нь цэргийн урлагийн түүхэнд ормоор гялалзсан дайн хийсэн л дээ. Монгол цэрэг Гималайн нурууны баруун талаар давж байгаад Түвдийг эзэлж. Энэ цөмрөлт Ойрд Монгол, Түвд, Мингийн дайн болж нэлээд өргөжсөн юм. Түүх ч их сонин шүү дээ…
Тэхээр Мин болон Манжаас өмнө Монголчуудын хүлээн авсан Бурхны шашин монголчуудыг үндэстний хувьд нэгтгэж харийнхны эсрэг тэмцэх нэгдмэл үзэл суртлын үүргээ биелүүлж амжаагүй байна.
Энд би чадаагүй гэж хэлээгүй, амжаагүй гэж хэлснээ онцлон тэмдэглэж байна. Асуудлыг энэ өнцгөөс судлан үзэж, түүхээ бичлэгээ засвал яасан юм гэсэн саналыг дэвшүүлж байна.
Монголчууд Мин болон Манжид ялагдсан шалтгаан нь өөрт нь байсан бөгөөд бид өөрийн гэсэн үзэл санаагаа алдсанд байсан. Монголчууд “хожим” авсан шарын шашнаа нэгдмэл үзэл суртал болгож амжаагүй. Өөрөөр хэлбэл задрал бутралыг шашнаар зогсоохыг оролдсон боловч чадаагүй, үндэсний нэгдмэл үзэл санаа болгож амжаагүй байна. Үүнийг “коммунизмаар” нөхөж чадаагүй, капитализм, ардчиллаар ч нөхөж чадаагүй. Эл үзэл санаагүй, үзэл сурталгүй байдал одоо болтол үргэлжилж байна…
Энд би монголчууд дан ганц шашин “авсан” тухай яриад байгаа юм огт биш. Та нар түүхэн энэ жишээг саяхны коммунизм “авсан”, өнөөгийн ардчилал “авсан” явдлуудтай холбоод жишээд үз л дээ. Ямар ч ялгаагүй яг адилхан ш дээ…
Яагаад гэвэл монголчууд ямар ч үзэл санаа, сургааль номлолын агуулга, мөн чанарын талыг огт сонирхдоггүй, дандаа хэлбэр, үзэгдлийн талыг барьж нэн өнгөц хандаж хүлээн авдаг, чингэхдээ цаг ямагт сүржигнэдэг, хэтрүүлдэг, нугалдаг, хэн ч танихийн аргагүй болтол сэглэдэг, эцэст нь түүнийгээ буруутгаж хаядаг, тэгээд цоо шинээр эхэлдэг. Ийм ч учраас “гаднын юмыг” тун амархан сурдаг, тэр хэрээрээ амархан мартдаг. Монголд юу ч мэдэхгүй байж хэт мэдэмхиймхийрдэг өвчтэй хүн хэт олон байдгийн шалтгаан ердөө л энэ. Ийм олон гаж үйл “ардын зан заншил” болж, одоо бараг бүх нийтээрээ бэртэгчин болж гүйцэж байна. Сүүлдээ бүх нийтийн оюун сэтгэлгээний солиорол дэмийрэл маягийн зүйл бий болов. Энэ нь шинжлэх ухааны бүх төрлийн суурь судалгаа уналт зогсолтод орсноор нотлогдоно.
Өөрийн ард түмнийг агуу түүхтэй агуу иргэншил бүтээсэн агуу ард түмэн гэдгийг би сайн мэднэ. Уг нь өөрийгөө ухамсарвал (энэ бол шинжлэх ухааны ойлголт юм-Х.Д.Г.) үүнээс ч илүүг туурвиж чадах ард түмэн гэдгийг ч бас сайн мэднэ. Гэхдээ тэнэгийг чинь хааяа хэлэхгүй бол наад “төр” болсон “хаад ноёд” чинь биднийг ингэж хөнөөдөг юм…
Бүх буруугаа бусдад тохдог, бүх сайнаа өөртөө авдаг “заншилтай”, “шашнаа мандуулна” гээд шашин үндсээ устгадаг, “төрөө мандуулна” гээд үндэстнээ хөнөөдөг, эсвэл дандаа боол шиг сэтгэж үйлддэг мунхаг харанхуйтай би хэзээ ч эвлэрч чадахгүй…
Энэ үзэгдлийн учрыг ойлгохгүй, мэдэхгүй ямар ч хүнийг би Монгол Улсын Төрийн толгойд гаргахгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Сэтгэгдэл ( 5 )
ingej zorigtoigoor uneniig heleh hun hovorhon doo
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
barag l unen helsen bolov uu gej bodoj bn.manai erdemten sudlaachid sain sudalj.tegeed nileen undesleltei dugnelt hiin hevlel medeelleer gargamaar yum