Төрийн мэдээллийг 70 гаруй байгууллагад үнэ төлбөргүй хүлээлгэн өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 15

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Арга хэмжээг нээж  Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар  үг хэллээ.

Өнгөрсөн оны 11 сараас эхлэн “Төрийн мэдээлэл”  эмхэтгэлийн дугаар бүрийг хэвлэгдэн гарсан өдөрт нь Интернэтэд байршуулах болсон төдийгүй  Монгол Улс нэгдэн орсон олон улсын Гэрээ, конвенци бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаар бүрийг Улсын Их Хурал өөрийн сайтдаа байршуулаад байгаа аж.

 Улсын Их Хурлын Тамгын газар 2004 оноос эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарыг хэвлэн гаргаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Хүний эрх, олон улсын хөдөлмөрийн байгууллага, оюуны өмч, олон улсын шүүх, олон улсын  худалдаа, терроризм болон бусад гэмт хэргийн эсрэг, олон улсын хүмүүнлэгийн болон байгаль орчин, экологтой холбоотой  нийт 120 Гэрээ, Конвенци бүхий 9 тусгай дугаарыг хэвлэн гаргав.

 Цаашид ч  Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарыг үргэлжлүүлэн хэвлэн гаргаж  олон нийтийн хүртээл болгоход  анхаарч ажиллана.Энэ хүрээнд Монгол Улс нэгдэн орсон 40 гаруй олон улсын Гэрээ, Конвенци бүхий ээлжит тусгай дугаарыг хэвлэж гаргахаар  Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна.

Өнөөдөр болсон арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ,  Улсын Их Хурлын Тамгын Газраас төрийн байгууллагуудад төдийгүй аймаг, нийслэл дэх Иргэний танхим, Парламентын үйл ажиллагааг сурталчлах төвүүд болон төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, төрийн бус байгууллагууд, номын сан зэрэг нийт 70 орчим байгууллагад “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн  тусгай дугааруудыг үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдлээ.                                 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top