Гэнэтийн томилгоо суудалд халтай ч Балданжавын хүү сохорсон биш завшлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

ТЕГ-ын дэд даргын албанаас буцаан татагдсан Б.Ариунсан даргын суудалд эргэж ирлээ.

Улстөрөөс торойж бүртийтлээ тасарч хоцордоггүй гэхдээ өмнө нь гарч манлайлж ч байгаагүй Б.Ариунсан гэх нөхөр Татварын Ерөнхий газрын дэд даргын албан тушаалыг хашиж байхаасаа л олны анхаарлын төвд орж ирсэн. Гэхдээ улстөрийн карьер, рейтингээрээ бус урлаг уран сайхнаар танигдаж эхэлсэн хэрэг.

Тодруулбал, нутгийн дүүгээрээ менежментээ хийлгэн байж хэдэн дуугаа олны танил дуучдаар дуулуулж бас болоогүй Яруу найрагч Б.Ариунсан гэсэн автортайгаар “Бодлын бороо” цомогоо гаргаад амжсан түүнийг түмэн олон таатайгаар хүлээж аваагүй юм. Учир нь Монгол бөхийн өргөөнд “Бодлын бороо” тоглолтоо хийхдээ билетээ татварын албадууддаа хүчээр шахаж борлуулсан нь доод албан тушаалтнуудад нь таалагдаагүй хэрэг.

Нэг тус бүр нь 10 мянган төгрөгийн үнэтэй уг билетийг нь дагалдаж мөнөөхөн “алдарт”  “Бодлын бороо” цомог нь үнэгүй дагалдчихсан тууж явсан нь түүний улстөрд хөл тавих танилцуулгын эхлэл байсан гэлтэй.

Ингэж л “Бодлын бороо”-гоор карьераа эхлүүлсэн тэрбээр МАН-ын хамтарсан Засгийн газрын үед Эрдэс Баялаг Эрчим Хүчний гэх сүртэй том яамны дэд сайдаар томилогдсонд гайхах хүмүүс олон байв. Гэсэн ч нам дагавал ам тосддог болсон өнөө цагт тэр Алтангадасыг дагаснаар Засгийн газрын амтат бялуунаас хангалттай хуваалцах болсон азтай эр.

Гэхдээ түүнд сонгуулийн аз од байдаггүй. Тиймдээ ч Говь-Алтай аймгаас хоёронтоо нэр дэвшсэн ч өвдөг шороодож, өрсөлдөгчөө далаараа цэвэр тавиулдаг түүхтэй нэгэн. Гэхдээ л тэр улстөрийн карьераа өсгөхийн төлөө гандан буухгүй зүтгэж өдгөө тагнуулын Ерөнхий газрын даргын суудлд тухаллаа. Гэхдээ түүний иргэн Б.Ламжав түүний чихнээс хонх уяж, түүнийгээ ч мөддөө салгахгүй нь бололтой.

Хэдхэн сарын өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар кабинетаа бүрдүүлж дуусаад агентлагуудын дарга цэргийн солих ажилдаа орох үед Засгийн газраас бялуу хуваалцаж чадаагүй Б.Ариунсан Алтангадас фракцийнхаа  тэргүүнд гомдол мэдүүлж, тус фракцийн гол “түрийвч” хэр нь хоосон хоцорч байгаагаа “шударга бус” хэмээсэн учраас түүнд агентлаг амласан гэх “бор шувуу” тухайн үед нисэж байв. Энэ нь ч тун удалгүй биелэлээ олж  Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсон юм.

Гэвч иргэн Б.Ламжав түүний эл албан тушаалыг “хүнддэж байна” гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргасан юм. Уг гомдолд “Б.Ариунсан гэгч мэргэжлийн бус хүнийг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг зөрчиж байна” хэмээсэн байдаг. Үндсэн Хуулийн Цэц ч гомдлыг хүлээн авч маргаан үүсгэсэн төдийгүй хурлын тов зарлаад байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТЕГ-ын дэд даргын албанаас Б.Ариунсанг чөлөөж, буцаан татсанаар асуудал цэглэж байв. Ингэснээр Б.Ариунсан Тагнуулын Ерөнхий газрын дэд даргын албан тушаалд 4 сар ажиллаад “лааз өшиглөсөн” түүхийг үлдээсэн.

Гэвч тэр эргэж ирлээ. Ирэх ирэхдээ дэд даргын албан тушаалдаа ч биш тус байгууллагын даргын суудалд суудлаа. Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий газрын дэд даргын албан тушаалд бус Тагнуулын Ерөнхий газрын даргын суудалд тухалчихлаа.

Энэ нь түүнд таатай байгаа ч сөрөг хүчинд тунчиг таагүй мэдээ болон очжээ. Тиймээс тэд энэ асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд дахин хандах шийдвэр гаргажээ. Дэд даргын алба хатуудана хэмээж байхад бүр шат ахиж дээд албан тушаалд нь эзэн суусан түүний эсрэг нэгдэж буй юм.

Тэр ч байтугай батгана явсан газар өттэй, Балданжавын хүү очсон газар баартай хэмээх ёгт үг ч гаргаад амжиж. Учир нь өмнөх Засгийн газарт ЭБЭХ-ний дэд сайдаар ажиллаж байх үедээ шатахууны үнийг нэмэх зөвшөөрлийг импортлогч компаниудад өгсөн байдаг. Яамны сайддаа ч дуулгалгүй дэр мэдэн аашилсан түүнийг дэд сайдын ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл ард түмнийхээ халаасыг шатахуун импортлогч компаниудтай хамтран “ухсан” тэрбээр үүрэг хариуцлагыг ягштал дагаж байх Тагнуулын Ерөнхий газар шургалан орж ирсэн түүний томилгоог Үндсэн Хуулийн Цэцийн дээр гарсан шийдвэр гэж болохоор.  Боохой борооноор гэдэг шиг амралтын өдрөөр хуралддаг болсон Засгийн газрын хуралдаанаар “гэнэтийн” шийдвэр гаргаж тус газрын даргаар томилжээ. Гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй гэдэг шиг гэнэтийн томилгоо ч суудалд халтай байдаг л юм.

Балданжав овогтой АРИУНСАН

Төрсөн он: 1961 он

Төгссөн сургууль:       
1969-1979 он - Говь-Алтай аймгийн 2 дугаар 10 жил
1985-1990 он - Иркутск Политехникумын Дээд Сургууль, инженер экологич
1990-1993 он - Эдийн засгийн институт, эдийн засагч
1996-1998 он - Удирдлагын хөгжлийн Институт, Удирдлагын менежмент
1995-1998 он - Москва Барилгын Инженер Хайгууль-Үйлдвэрлэл Эрдэм Шинжилгээний Институт доктор хамгаалсан

Ажилласан байдал:   
1982-1985 он – Бармлгын зургийн төв институт
1991-1996 он - Барилгын Инженер Хайгууль-Үйлдвэрлэл Эрдэм Шинжилгээний Институт-д гадаад харилцааны хэлтсийн дарга, ерөнхий захирал
1996-2000 он – улсын нийгмийн халамжийн газрын дарга
2005-2008 он Татварын ерөнхий газрын дэд дарга
2008-2012 он - Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого хариуцсан дэд сайдаар ажилласан

Сонгуульт ажил:
Ардчилсан намын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн
Үндэсний Зөвлөлдөх  Хорооны гишүүн

Шагнал:     
"Алтан гадас" одон

Гадаад хэл: Орос, Англи

Гэр бүлийн байдал:  Ам бүл 3.

Х.Амгалан

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dornod(202.179.11.34) 2013 оны 05 сарын 21

dornodchuud ard tvmenteigee ami neg yurunhiilugchiig haan songoltoo hamgaalan shudarga baitsgaay hemeen hvleej bn.

0  |  0
Болд(203.91.119.100) 2013 оны 05 сарын 20

Хогийн ургамал хөрс голдоггүй Хөгийн эр өөрийгөө голдоггүй гэж ичиж үхмээр юмаа

0  |  0
зочин (202.179.26.70) 2013 оны 05 сарын 20

Наадах чинь завшиж чадахгүй_ Тун удахгүй МАН хэл ам хийж байгаад л буулгачихна. Харин энэ удаад Алтанхуягийн суудал мөн адил хүчтэй ганхах байхдаа.

0  |  0
Top