Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад өнөөдрөөс албан ёсны айлчлал хийж байна.
Ноён Богдан Борусевичийг өнөөдөр өглөө Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтлаа.
УИХ-ын дарга З.Энхболд ноён Богдан Борусевичийг 11 цагаас Сүхбаатарын талбайд угтан авах юм. Улмаар Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна.
Дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд ноён Богдан Борусевич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар төлөвлөөд байгаа аж.
Ингээд Улаанбаатарт дөрөв хоног саатах Маршал Богдан Борусевичийн товч намтарыг хүргэж байна.
Төрсөн огноо: 1949 оны 1 дүгээр сарын 11
Төрсөн газар: Вармийн Лизбарк хот
Гэр бүл: 2 хүүхэдтэй
Боловсрол:
1970 Гдыня хотын Дүрслэх урлагийн лицей
1975 Любелскийн Католик Их сургууль, түүхч
Улс төрийн үйл ажиллагаа:
1976 Радомын ажилчдад туслах хөдөлгөөний Ажилчдад туслах Хорооны гишүүн
1977-1978 Далайн эргийн чөлөөт Үйлдвэрчний эвлэлийг үүсгэн байгуулагч, “Ажилчин” сонины эрхлэн гаргах хэсгийн гишүүн
1980 Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн Наймдугаар сарын бослогыг зохион байгуулагч, бослогын шаардах бичгийг боловсруулагчдын нэг, “Эв санааны нэгдэл”-ийг үүсгэн байгуулагчдын нэг, Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн хоёр дахь бослогыг зохион байгуулагч, удирдагч
1982-1986 Эрх баригчдаас нуугдаж, “Эв санааны нэгдэл”-ийн нууц үйл ажиллагааг зохион байгуулалцаж байсан
1986-1988 Улс төрийн хэргээр баривчлагдаж ял эдэлжээ
1988 Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн бослогуудын оролцогч
1989-1991 “Эв санааны нэгдэл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улсын комиссын орлогч дарга
1991-2001 Сеймийн гишүүн
1997-2000 Дотоод хэрэг, засаг захиргааны дэд сайд
2001-2005 Поморск мужийн Засаг даргын орлогч
2005- Сенатын Маршал
Хобби
Уулаар аялах дуртай. Явган болон үүргэвчтэй аяллуудад оролцож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )