Суудлаа хувааж чадалгүй, иргэдийн хувь заяагаар “туг тахихад” хүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 20

Дорноговь аймгийн ИТХ–ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг нарын фракц доторх зөрчил туйлдаа хүрч, төрийн ажил талаар нэг болчихоод байгаа сурагтай. ИТХ–аас тогтоол гарган хугацаатай албан даалгавруудыг Засаг даргад өгснөөр П.Ганхуяг нь иргэн, ААН байгууллагуудын ажлыг шалгах нэрээр харъяа агентлагуудаар дамжуулан /Хөгжлийн бодлогын хэлтэс, ОБХ, Газрын алба, МХГ/ ард иргэд, ААН байгуулагуудын үйл ажиллагааг зогсоох, акт тавих, торгох нураах зэргээр ажиллаж иржээ. Энэ байдал даамжирсаар үндсэндээ Дорноговь аймгийн хэмжээнд төрийн байгууллагаас үүдэлтэй хувийн хэвшлийн “хатгаа” үүсч, ужиграад байгаа аж. Улмаар энэ сард Дорноговь аймгийн ИТХ-аар Засаг дарга П.Ганхуягыг үүрэгт ажилдаа тэнцэхгүй байна гэж шалтаглан албан тушаалаас нь буулгаж ИТХ-ын дарга Г.Ганбаатар гэгч өөрийн нэрийг зүтгүүлсээр өнөөдрийг хүрчээ. Иим учир шалтгаануудаас үүдэн өөрийн нэрийг цэвэр үлдээх зорилгоор хяналт шалгалт хийж буй гэх нэрээр бусдыг дарамтлан иргэд, ААН байгууллагуудын ажлыг ихээр хойшлуулан хохироож байгаа тухай нутгийн иргэд мэдээлж байна.

Хэрэг явдал ийм хэмжээнд хүрэх болсон ганц шалтгаан бол сандал ширээгээ тэнцүү хувааж чадаагүй шуналын сэдлээс үүдэлтэй гэж эх сурвалжууд нь хэлж байгаа юм.  Тухайлбал, 2012 оны Орон нутгийн сонгуулиар нэр дэвшсэн П.Ганхуяг өөрийн фракцын хүмүүсийг албан тушаалд томилон нөгөө талаас буюу ИТХ-ын дарга Г.Ганбаатарын талын албан тушаалд хүрээгүй хүмүүс цөөнгүй байгаа нь энэхүү асуудал үүсэх  гол шалтгаан болсон гэж байгаа. Ерөнхийдөө Ардчилсан намынхан орон нутагтаа албан тушаал, эрх мэдлийн “шидэт ус”-аар цангаж өнөөг хүрсэн гэгддэг билээ. Тиймээс өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ардчиллынханд маань ирсэн гэнэтийн ялалт, ноёны суудал ийнхүү хүнддэж, ард иргэдийг хөлдөө чирч байгаа бололтой. “Дайны хажуугаар дажин” гэгчээр газрын бизнесээр мэргэшсэн хүнийг Засаг даргын суудалд тавьж, Дорноговийн хувь заяагаар “туг тахиж” байгаад нутгийн иргэд гомдолтой байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top