Өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл:Нэмэлт санхүүжилт” болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр тус тус соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтэллээ.
Мөн дугаарт, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан ямар арга хэмжээ авахаар Засгийн газарт даалгасан талаарх мэдээллийг эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолооос авах боломжтой. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалт, төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх бодлого, цогц арга хэмжээний санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.Үүний зэрэгцээ Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлж биелэлтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч, дүнг 2013 оны 3 дугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг мөн даалгажээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Дашзэвэгийн Зоригт, Долгорсүрэнгийн Сумьяабазар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ.
Эмхэтгэлд Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхйилөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
2013 оны 5 дугаар сарын 27
Сэтгэгдэл ( 0 )