Чуулганыг түр завсарлуулах асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа ээлжит тойм мэдээллээ өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулах гэж байна гэсэн мэдээллийн талаар хийсэн тайлбартаа “Ерөнхийлөгчийн 2005, 2009 оны сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын чуулганыг түр завсарлуулж байжээ. Чуулганыг түр завсарлуулах асуудлыг УИХ-ын даргын захирамжаар шийдвэрлэдэг. Энэ удаагийн сонгуультай холбогдуулан чуулганыг түр завсарлуулах асуудлын талаар одоохондоо яригдаагүй байна. Ирэх долоо хоногоос шийдэх байх” гэдгийг хэллээ.

Харин УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны тухайд өнөөдөр хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдээс гадна хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, бодлогын зарим асуудлыг судалж боловсруулах, дүгнэлт гаргах үүрэгтэй 6 ажлын хэсэг хуралдахаар төлөвлөөд байгаа бол маргааш 5, пүрэв гарагт 1, баасан гарагт 2 ажлын хэсэг хуралдах хуваарьтай байна.

Байнгын хороодын тухайд 5 дугаар сарын 28-ны мягмар гарагт 09.00 цагаас “А” танхимд болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэж Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл мөнгөний зарцуулалтын талаарх саналыг сонсохын зэрэгцээ “Занарын тосны технологийн тухай” Монголын занарын холбооноос танилцуулга хийх юм.

НББСШУ-ны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болж, ”Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээлэл сонсоно.

Тэгвэл БОХХАА-н байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд болж, Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж гаргасан Засгийн газрын бондын хэрэгжилтийг түргэтгэх, зарцуулалтад хяналт тавих Байнгын хорооны ажлын хэсгийн мэдээлэл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн болон хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны 55 дугаар тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

 

Харин 5 дугаар сарын 29-ний Лхагва гарагт Хууль зүйн байнгын хороо 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, түүнийг дагалдан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөөд байна.

Тэгвэл шинэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, энэ хуулийг дагалдан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Засгийн газраас хууль сахиулах байгууллагуудад хийх шинэтгэлийн хүрээнд өргөн барьсан багц хуулийн төслийн нэг болох Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, түүнийг дагалдан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн “Засгийн газрын цаг”-аар Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно гэдгийг Д.Энхтуяа дарга мэдээллээ.

Харин УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагааны талаар тэрээр хэлэхдээ, УИХ улс орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой шинэчлэн найруулсан 1, бие даасан 1, нэмэлт, өөрчлөлт оруулсан 8, хууль хүчингүй болсонд тооцох тухай 1 хууль, УИХ-ын 3 тогтоолын төслийг хэлэлцэж баталсныг дурдав. Тухайлахад Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэрлэлээ.

Хоёр Засгийн газар дамжин удаан хугацаанд яригдаж хэлцэгдсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар манай улс үнэт цаасны зах зээлийн олон улсын жишигт нийцсэн хуультай боллоо гэж УИХ үзэж байгааг тэрээр онцлов. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг онцлон дурдав. Засгийн газар ирэх онд макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг 6 хувьд барих, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 16 хувьд хүргэх, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, барилгын материалын импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, орчны бохирдлоос хамгаалж, доройтлыг бууруулж, ногоон хөгжлийг бий болгох, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, “Сум” төслийг хэрэгжүүлж эхлэх, “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж цалин хөлсний бодлогыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилтуудыг энэхүү үндсэн чиглэлд дэвшүүлснийг УИХ хэлэлцэн дэмжиж тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top