Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хан богд, Цогтцэций суманд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Ханбогд, Цогтцэций сумдад ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Түүнтэй УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар ажиллаж байна. Тэд эхлээд Ханбогд суманд ажилласан бөгөөд тус суманд тулгамдаж байгаа асуудлын талаар Ц.Элбэгдорж ханбогдчуудтай ярилцлаа.

Дэлхийн хэмжээнд яригдаж буй хамгийн том төсөл болох Оюутолгойн хажууд байх тус сум өнөөдрийг хүртэл дизель станцаар гэрэл цахилгаантай байгааг нэр дэвшигч шүүмжилж, Оюутолгой Засгийн газар хоёрын хооронд даруй гэрээ хийн, Ханбогд сумыг ойрын хугацаанд байнгын гэрэл цахилгаантай болгох тухай асуудлыг авч хэлэлцэхээ хэллээ. Мөн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн анхаарсан нэг асуудал бол Оюутолгойгоос Ханбогд сум хүртэлх 45 км зам өнөөдрийг хүртэл шороон зам хэвээр байгаад байлаа. Уг асуудлыг шийдэх асуудлаар Оюутолгойнхонтой уулзаж ярилцахаа ч мөн хэлсэн юм.

Ханбогд сум өнөөдөр үндсэн иргэд болон ирж очиж буй иргэдтэйгээ нийлээд 20 орчим мянган хүний амьдрал цогцолсон суурин болсон атал аравхан ортой эмнэлэгтэй байгааг 50 ортой сум дундын эмнэлэг болгох, түүнд шаардлагатай 2.2 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгах талаар анхаарч үзэхээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ үеэр хэлсэн юм. Үүнээс гадна Засгийн газраас орон нутагт хуваарилж байгаа 270 тэрбум төгрөгөөс 500 саяыг тус сумын орон нутгийн санд өгч буй. Үүнийгээ хэрхэн зарцуулахаа заавал ард түмнээсээ санал авч байж шийдээрэй гэдгийг сумын удирдлагуудад Ерөнхийлөгч мөн хэлж байлаа.Ийн уулзалт хийсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цогтцэций суманд ажилласан юм. Тус сум өнгөрсөн УИХ, Орон нутгийн сонгуульд АН-д саналаа өгчээ. Энэ удаагийн сонгуулиар ч сонголтоо баталгаажуулна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа юм байна. Найман жилийн өмнө Монгол хүн оруулдаггүй зөвхөн хятадууд л нүүрс олборлож байсан тус сумын газар нутаг дээр өнөөдөр үндэсний компаниуд үйл ажиллагаагаа явуулж, монголчууд хэдэн мянгаараа ажиллаж байгаа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа анхаарч ажилласны үр дүн гэдгийг цогтцэцийчүүд энэ үеэр хэлж байв.Тус сумын иргэд Ерөнхийлөгчийн нэгэн санаачилгад сэтгэл хангалуун байгаа юм байна. Энэ нь малчдыг мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэгтэй болгож малчин гэсэн мэргэжлийг бий болгосонтой холбоотой бөгөөд Ерөнхийлөгчдөө баярлаж буйгаа хэлэх малчид олон байлаа.Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зүгээс “Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ханбогд, Цогтцэций сумынхан ирээдүйн хөгжлийн загварын зургаа гаргасан нь маш чухал ажил шүү. Үүнийг би бүрэн дэмжиж ажиллана. Мөн найман ортой байгаа эмнэлгийг 50 ортой болгох , 440 хүүхдийн багтаамжтай сургуульд 830 хүүхэд сурч байгаа байдлыг Засгийн газарт уламжилж, асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Даланзадгадаас тавьж байгаа 78 км замын ажлыг шийдэж ажиллана” хэмээлээ.Түүний цогтцэцийчүүдэд хэлсэн өөр нэг асуудал нь мод тарих тухай байлаа.

Төрийн тэргүүн хэлэхдээ “Говьд усны асуудал хүнд байгаа. Усны асуудлыг шийдэхийн тулд та бүхэн мод тарь. Услаад л байвал мод хамгийн сайн ургадаг. Мод үүл татдаг. Бороо ордог. Ингэснээр усны асуудал шийдэгдэх боломжтой болно” гэж байлаа. Түүнчлэн говийнхонд тулгамдаад буй тоосжилтодоо анхаараарай гэдгийг ч хэлж байсан юм.Ийнхүү уулзалт хийсний дараа нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр орой Даланзадгад руу хөдөлсөн билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoghin(202.21.106.101) 2013 оны 06 сарын 17

ohinoo zarsan erhem erhem eronhiiloch ugee helne u

0  |  0
zoghin(202.21.106.105) 2013 оны 06 сарын 17

helsen ug idsen hool ni ohinoo gadiihand ogoh bsan yumu mongol teliuzeer helsen ugeehelsen ugee helne u

0  |  0
zo(122.201.18.140) 2013 оны 05 сарын 28

amjilt hucie

0  |  0
zochin(122.201.18.39) 2013 оны 05 сарын 28

hogjil mohol 2-g odoo chi medeed helne ch gej baikhgui baikhaa

0  |  0
саранцэцэг(203.91.118.156) 2013 оны 05 сарын 28

говь нутгийн хөгжлийн чиг хандлагатай биеэр ерөнхийлөгч ирж үзэж байгаан таатай байна.Энэ удаа ардчилсан ерөнхйлөгч сонгогдон гэдэгт итгэж байна. Амжилт хүсэе

0  |  0
Top