УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилж, 11:30 цагт хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанд “Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэлийн талаар С.Эрдэнэ сайд танилцууллаа.
Нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэлийн бодлогын асуудлаар тус яамнаас нийгмийн халамж, нийгмийн даатгал гэсэн хоёр үндсэн чиглэлээр бодлого тодорхойлж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд улстөрийн болон сонгуулийн амлалтаас болж иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаа нь нийгмийн халамжийн салбарын нийт зардлын 80 хувийг эзэлдэг юм байна. Сайдын мэдээлснээр нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал өсөөгүй бөгөөд зөвхөн инфляцийн түвшин амжиргааны өртөгтэй уялдуулан халажмийн хэмжээ нэмэгдсэн нь тухайн үед л халамжийн зардал өссөн үзүүлэлттэй гарсан байна. 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнд нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал 0,85 хувьтай байсан байна. Дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад бага хэмжээ гэдгийг онцолсон.
Нийгмийн халамжийн хэмжээг нэг хүнд ногдох хэмжээ нь нэг сард 10 мянгаас 103 мянга 600 төгрөг байдаг аж. Энэ нь өнөөдрийн амжиргааны доод түвшинтэй тэнцэхүйц байж чадахгүй байгаа аж. Нийгмийн халамжийн үйлчилгээ нь зорилтот хэсгээ тодорхойлоогүй, нийгмийн халамж үйлчилгээний төрөлжиж хөгжөөгүй, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр давамгайлсан үйлчилгээтэй, улс төрөөс хамаарал ихтэй, өргөдөл, гомдол шийдвэрлэх механизмгүй, хяналт мониторинг сул байна гэсэн судалгааг гаргаад байгаа юм байна.
Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамж үйлчилгээг төрөлжүүлж, хүнд суртал, шат дамжлагыг арилгах гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Мөн монгол хүнийг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх тулд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын чуулганыг тус тус зохион байгуулсан. Мөн ирэх зургадугаар сард дээрх чуулганыг дахин зохион байгуулах юм байна. Тус яамнаас чуулганаас гарах үр дүнг нэгтгэж монгол хүний цогц бодлогыг тодорхойлж, ирэх аравдугаар сард Засгийн газарт барих гэж байгаа талаар С.Эрдэнэ сайд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )