Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Даланзадгад хотод ажиллалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Түүнтэй Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадараа, ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр, Даланзадгад хотын захирагч Ц.Баттулга, Өмнөговь аймгийн ИЗНН-ын дарга Д.Лувсан нар хамт явж байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт ажиллахдаа долдугаар сарын 1 гэхэд тус хотын дэд цахилгаан станц ашиглалтад орох гэж байгааг сайшаав. Учир нь хөгжлийн эрин, XXI зуунд байнга тог, цахилгаан нь тасалдаж, халаалтаа өгч чадахгүйд хүрэх тохиолдол байж боломгүй зүйл гэдгийг хэлсэн юм. Гэхдээ энэ дэд станц нь урт, удаан хугацаанд Даланзадгадыг цахилгаанаар хангах боломжгүй гэдгийг хэлээд яаралтай Таван толгойг түшиглэсэн томоохон цахилгаан станц байгуулах хэрэгтэй гэв. Ингэснээр Даланзадагд хотын цахилгааны асуудал бүрэн шийдэгдэх ажээ.  

Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойрын хугацаанд Таван толгойн цахилгаан станцыг барьж байгуулах асуудалд анхаарлаа хандуулна гэв. Түүнчлэн Даланзадгад хотын нисэх буудлыг олон улсын чанартай болгох асуудлыг шийдэх нь зүйтэй гэлээ. Ингэснээр Монголын хөгжилд хувь нэмэр оруулж буй говь нутгийн хөгжил улам түргэснэ гэж тэрээр үзэж байгаа юм байна. Тэрээр энэ асуудлуудыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийлснээс гадна говь нутгийг баясгаж, барлуулж байх хэрэгтэй гэж өгүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа хоёр уулыг төрийн тахилгат болгожээ. Тэр нь Алтай таван богд, Говь гурван сайхан аж. Энэ тухай тэрээр өгүүлэхдээ “Монголын говь тэр дундаа Өмнөговь нутгаас монголчууд их зүйлийг авч байна. Монголын говь нутаг монголын хөгжил цэцэглэлтэд их хувь нэмэр болж байна. Тэгэхээр уул усаа, говь нутагаа баярлуулж байх ёстой” гэсэн.Ийн Даланзадгад хотын иргэдтэй уулзах үеэр нутгийн хүмүүс сэтгэгдлээ хэлж, хүсэлтээ мэдүүлж байлаа. Тухайлбал, Даланзадгад хотын иргэн Д.Дэнзэн нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ийм хүсэлт хүргүүлэв. “1945 оны дайны үеэр түр цэрэгт татагдаж байсан ахмад дайчдыг тэтгэлэгт хамруулах боломж байна уу. Хэрвээ энэ асуудлыг шийдвэл цөвүүн цагт эх орныхоо төлөө тангараг өргөж байсан, одоо тэтгэвэртээ суусан хүмүүст асар их дэм болохоор байна” гэв. Мөн иргэн С.Шараа “Оюу толгойн хүдрийн баяжмалд хөндлөнгийн лаборатори ажиллуулж хяналт тавих хэрэгтэй байгааг хэллээж байв. Уычир нь өнөөдөр Оюу толгойд өөрийнх нь ганц лаборатори ажиллаж буй бөгөөд монголчууд өөр ямар үнэт баялаг гарч байгааг хянах боломжгүй байгаа аж. Харин Солонгост ажиллаж, амьдарч байгаад түр амралтаараа ирээд байгаа Т.Ариунаа “Өнгөрсөн жилээс эхлэн гадаадад амьдарч байгаа Монгол иргэдийнхээ саналыг авч байх асуудлыг шийдэж өгсөн Ерөнхийлөгчид баярлалаа. Мөн гадаадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллахыг уриалсанд чинь талархаж байна” хэмээсэн бол Гурван тэс сумын иргэн Г.Дэжид 20 жилийн турш сумынх нь нутгаас хулгайлагдсан палентлогийн олдворыг эх орондоо эргүүлэн авч ирэх сайхан ажлыг эхлүүлсэнд нутгийнхаа иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа уламжлаад одоо ирэх батаарын араг ясыг сумынхаа музейд өгөхийг хүслээ.Өмнөговь аймгийнхан Ерөнхийлөгчийн сонгуульд ийн хүсэлтээ тээж, хийж хэрэгжүүлэхийг санал болгож байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөгов аймгийн Цогт-Овоо, Дундговь аймгийн Хулд, Луус, Мандалговь сумдад ажиллахаар хөдөллөө.

П.Хашчулуун


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nm(86.30.49.171) 2013 оны 05 сарын 28

ЭЛБЭГДОРЖ Нум татаад хөвчийг нь дийлэхгүй---өнгө

0  |  0
Top