Б.Жаргалсайхан бол Монгол биш, өөр цустай, хэтэрхий өндөр

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29
Хамтран ажиллах гэрээг үзэглэснийх нь дараа БНН-ын дарга Б.Жаргалсайханаас дараах асуултад хариулт авлаа. 

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчээс өнөөгийн Ерөнхийлөгчийг дэмжиж оролцох шийдвэр гаргасан нь зөвхөн таны шийдвэр үү. Аль эсвэл намын гишүүдийн шийдвэр үү. Ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн үндэслэл юу байв?

-Би ганцаараа дур мэдээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих шийдвэр гаргасан юм биш, Удирдах зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцээд шийдсэн. Яагаад гэвэл Монгол Улсын хувьд гадаад бодлого, дотоод нийгмийн амьдралыг эрс шинэчлэх асуудал чухал байгаа.  Сүүлийн 23 жилийн түүхийг аваад үзвэл гуравдагч орны дэмжлэг чухал байр суурь эзлэх болсон. Зөвхөн зээл тусламжийг аваад үзвэл гуравдагч орноос үзүүлсэн нь голлож бидэнд өнөөдрийн боломжийг олгосон байгаа. Тийм учраас Монголын төр ардчилсан Ерөнхийлөгчтэй байж гэмээн гуравдагч орон бидэнд нээлттэй хандана. Үүнийг бид ойлгох ёстой.

-Гэхдээ олон нийтийн дунд “Эрх мэдэл нэг улстөрийн хүчинд төвлөрөөд байна” гэдэг шүүмжлэл хүчтэй тавигдах боллоо?

-Би тэгж бодохгүй байна. Ардын намынхан 19 жилийн турш төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлж явсан түүх бий. Тэгэхэд монголчууд “Нэг хүчинд эрх мэдэл төвлөрчихлөө” гэж яриагүй юм шүү. Одоо харин монголчууд бидний хувьд хамгийн гол нь улстөрийн нам, олон нийтийн байгууллагууд бүгдээрээ Ардчилсан зарчимд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулах нь чухал. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг би мэднэ, тэр 1989 оноос хойш ардчиллыг бий болгохын төлөө өдөр шөнөгүй явсан хүчтэй улстөрч. Ардчиллыг бэхжүүлэх ажлыг ардчиллын авторууд, бий болгосон хүмүүс нь л хийж чадна. Түүнээс Ардын намынхан чадахгүй. Яагаад гэвэл Ардын намынхан эрх барьж байсан үедээ хүний эрхийг яаж зөрчиж байдлаа, 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүн бүхэн мэднэ.  Таван залуугийн амь насанд яаж хүрсэн билээ, яаж олон залууг үй олноор нь хэлмэгдүүлж шоронд гянданд суулгасан билээ. Нийгмээ харъя, газрын наймааг хэн хийв, лицензийн наймааг хэн хийв, энэ олон банк санхүүгийн мөнгийг хэн идэж уув, үгүй хийв. Ингээд үзвэл сөрөг үзэгдлийг хэн хошуучилж толгойлж байсан бэ гэхээр Ардын намын нөхдүүд шүү дээ. Тийм ч учраас энэ намд итгэх найдах ямар ч боломж байхгүй. Үүнтэй иргэд санал нэгдэх болов уу гэж бодож байна.

-МАН-аас нэр дэвшигчийг “Жинхэнэ монгол хүн” гэж сурталчилж байгаа харагдсан. Энэ талаар та өөрийн бодлоо хэлж болох уу?

-Үндэсний хувцсаа өмсчихөөд өөрийгөө монгол гэж ойлгож болохгүй. Сэтгэл зүрх нь монголоо гэсэн хүн л монгол. Үндсэн хуулиндаа бид хүн бүр эрх тэгш байх ёстой гэж тунхагласан. Ийм байтал фашист нацист үзэл гаргаж болохгүй шүү дээ. Энэ ертөнц маань глобальчлагдаж байхад нэгнийгээ ингэж гадаад төрхөөр нь дээрэлхэж доромжлох асуудал зөвхөн Ардын намд байдаг юм. Намайг өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад “Б.Жаргалсайхан бол монгол биш, өөр цустай л гэнэ.  Дэндүү өндөр байна л” гэнэ. Элдвээр хэлж байсан шүү дээ. Тэр бол Ардын намынхны ёс зүйгүй, ёс суртахуунгүй зан авирынх нь нэг хэлбэр. Тоох хэрэггүй.

-БНН бол Засгийн эрхийг барьж ирсэн улстөрийн хүчний талд зогсож ирсэн. Тэр унаган зангаа гаргаж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжиж байна гэж үзэх хэсэг байна?

-Наадах чинь болчимгүй явуургүй арга. БНН-ын үзэл бодол бол ардчилсан үзэл бодолд тулгуурлдаг. Тийм учраас ардчилсан үзэлтэй Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(180.56.130.108) 2013 оны 05 сарын 29

ah mindee yawhaa baijdee ingeed l buur ooriigoo alaad bhiimaa ta

0  |  0
Enhbayar(122.201.18.39) 2013 оны 05 сарын 29

yagaad iim sonin hun baidag bainaa zugeer gertee suugad baij boldoguin baihdaa uscheedl uscheedl t1 mal

0  |  0
зочин(202.170.69.194) 2013 оны 05 сарын 29

Жагаа ах улс төрийн *** болжээ

0  |  0
Top