Цэвэр бишүүдээ “цэвэрлэсэн” Германы туршлага Монголд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Сонгууль болгоноор өрсөлдөгчөөсөө ялгарах нэг сонин арга манай улс төрийн PR-д гүн нэвтэрчээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль ч үүнийг тойрсонгүй. “Цэвэр монгол хүн”-ий тухай домог аанай л дуулдаж эхэллээ. МАН-ын үзэл сурталч Х.Цэвлээ гуай “Хониноос хонь, чононоос чоно, сайн хүнээс сайн хүн л гардаг нь биднээс үл хамаарах байгалийн давагдашгүй хууль” гэж нэр дэвшигчээ тодруулж байгаа бол намын төв хэвлэл нь  “Зүс царайг харахад л жинхэнэ монгол эр гэж итгэлтэй хэлж болно. Тиймээс эргэлзээд, ээжээс нь очиж асуугаад байх шаардлага огт үгүй. Монгол төрхтэй охидыг нь сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр олон нийт харсан” гэж бичиж байна. Цэвэр монголынхоо маргаанд 2009 оны сонгуулиар хүүгээ өмөөрч суусан Ц.Элбэгдоржийн 90 гарсан ээжийг хүртэл шургуулаад авчээ.

Цэвэр цусны тухай энэхүү номлол шинэ ч юм биш. Цэвэр зүс төрхийн тухай Йозеф Менгеле гэгч нацист эмч 1935 онд “Эрүүний доод хэсгийн бүтэц дэх цэвэр арьстны ялгаа” хэмээх ном бичин докторын зэрэг хамгаалж байжээ. Адольф Гитлерийн өлгөн авч гуравдугаар рейхийн гол үзэл суртал болгосон цэвэр ари үндэстний тухай номлол энэ үеэс хүчээ авчээ.

Йозеф Менгеле хожим Освенцимын хорих лагерьт нярай хүүхдүүдийг амьдаар нь задланд оруулах, эрчүүд болон бага насны хөвгүүдийг өвчин намдаалт, мэдээ алдуулалтгүйгээр хөнгөлж засах, эмэгтэйчүүдийг өндөр хүчдэлд цохиулан тэсвэр хатуужлын сорил хийх зэрэг аймшигт туршилт хийж байв. Зорилго нь ердөө л “цэвэр ба бохир цустай хүмүүсийн биологийн ялгааг тодруулах, жинхэнэ, цэвэр биш үндэстнийг үржих боломжгүй болгох”. Сүүлдээ тэрээр ихрүүдийг ихээр сонирхон туршилтдаа ашигладаг болов. Менгеле тэдний нүдний өнгийг өөрчлөх гэж нүдэнд нь химийн бодис цацах, эд эрхтнийг нь тайрах, ихрүүдийг мэс заслаар холбож оёх зэрэг хүний санаанд багтамгүй яргалал үйлджээ.

Гитлер цэвэр үндэстний бодлогынхоо хүрээнд Герман улсын иргэн боловч “цэвэр ари үндэстэн биш болох нь тогтоогдсон” хүмүүсийг цэвэрлэх “Т-4” хэмээх аймшигт хөтөлбөр 1940 оноос хэрэгжүүлсэн байдгийг манай шинэ үеийн национал социалистууд мэдэхгүй биз. “Т-4” буюу “Тиргартенштрассе 4” нь Герман улсын 5-аас дээш жил хэвтэрт байгаа өвчтнүүд, оюуны хомсдолтой, удамшлын эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ устгахаас эхэлжээ. Эхлээд зөвхөн 3 хүртэлх насны балчир хүүхдүүдийг түүвэрлэн “мөнхийн тун” өгч нойрсуулж байсан ч улмаар насанд хүрэгсдийг ч хамруулжээ. Зөвхөн 1940-41 оны хооронд “цэвэр герман биш” гэж Менгеле эмч нарын тодруулсан 70 мянган хүнээ Герман улс хөнөөжээ.

1934 онд Рудольф Гесс Национал социалист намын дэргэд Овог ургийн асуудал судлах газар байгуулж байв. 1935 оны “Нюрнбергийн хууль” гэгчээр герман болон еврей үндэстэн болохыг нь хэрхэн тодорхойлох дүрэм баталж өгөв. 1938 оны намар еврей хольцтой хүүхдүүдийг герман сургуульд явахыг хоригложээ. Дараа нь 1940 онд алдарт “Т-4” хөтөлбөр эхэлжээ. Засгийн эрхэнд гарсан национал социалистуудын энэ хөтөлбөр нийтдээ 275 мянган герман хүний амь насыг авч одсон бөгөөд “цэвэр ари” биш тул Менгеле эмчийн туршилтын дараа шатаах зууханд амиа алдсан Европын ард иргэд хэдэн арван саяар тоологддог билээ.

“Хуучны Сэцэн хан аймаг, одоогийг зүүн Монголоос анх удаа ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Хэцүү цагт улс Монголоо зүүн нутгийнхан л авардаг” гэх МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын хийрхэл шиг, Х.Цэвлээ гуайн “Байгалийн давтагдашгүй хууль”-ийн тухай номлол шиг, аваргын “Миний гарал угсаа ерөнхийлөгчийн суудалд тохирно” гэх үг шиг, “Бурхан халдуны өвөрт өссөн, хаанаас нь ч харсан жинхэнэ, цэвэр монгол” гэх “Үнэн” сонины хатгалга шиг зүйлсээс л нацизм эхэлсэн байдаг.

Дайсан хайх, урвагч илрүүлэх, хорлогч тодруулах аян Манжийн үед ч, Коминтерний цагт ч Монгол ба монголчуудад ашигтай байгаагүй юм. Монгол гэж бид Хянганы нуруунаас Халимагийн тал хүртэл харах ёстой болохоос манай үндэсний бөхөд шивээлсэн үзэл шиг жалганы мухар, толгодын захаар явцуурах ёсгүй. Эхнийх нь үндэсний үзэл, дараагийнх нь үндсэрхэх үзэл. Аль нь илүү хэрэгтэй вэ гэж халх, буриад, дархад, хотгойд, дөрвөд, цахар, баяд, үзэмчин, барга, торгууд хамаг монголчуудаасаа асуумаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top