Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой өчигдөр уулзлаа. Тус дүүргийн сонгогчид нэр дэвшигчийг Жуковын талбай дээр угтан авав. Тус уулзалтыг МАХН-ын хорооны дарга Н.Бүргэдаа нээж үг хэллээ. Тэрээр, “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаад намын журмын нөхөд бид ихэд талархан хүлээн авч байна. МАХН залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж үүнийгээ батлахаар 100 гишүүнд намын батлах гардуулах юм. Энэ үйл ажиллагааг нэр дэвшигч Н.Удвалын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хийхээр төлөвлөсөн билээ.
Учир нь, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал МАХН-ыг шинэчлэн зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, Монголын лидер улстөрч эмэгтэй. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялалт авчирна гэдэгт итгэж байна” гэсэн юм. Үүний дараа МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Баянзүрх дүүргийн МАХН-ын Залуучуудын холбооны төлөөлөл Н.Тэрбиш, Ахмадын холбооны төлөөлөл Б.Цэдэнбал нар үг хэлж , нэр дэвшигчдэд амжилт хүслээ. Тэд МАХН-ын хороонд шинээр элсч буй 100 гишүүнд намын бат илэрхийлэх болон энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.
Т.ЗАЯА
Сэтгэгдэл ( 0 )