УИХ-ын даргад НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

УИХ-ын дарга З.Энхболдод Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нар өчигдөр өргөн барив. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтэнд улсын төсвөөс байнга хөрөнгө оруулалт хийх боломжгүй байгаа өнөөгийн нөхцөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн автобусыг авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаас өртгийг буцаан төвлөрүүлж парк шинэчлэх тусгай сан байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэхүү санд 2012 оны эцсийн байдлаар 4.2 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа аж.

Улсын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, хүн амын зорчин явалтын тоо ихэссэнээр тээврийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй байдлыг их багтаамжийн автобусаар хангах шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурал 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зарим төрлийн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байх тухай” хуулиар 2002 оны 11 дүгээр сарын 1 ний өдрөөс 2006 оны 01 дүгээр сарын 01 ний өдөр хүртэл хугацаанд импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 3 хүртэлх жилийн доторхи автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Улсын Их Хурлаас уг хуулийн хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дахин сунгасан нь үйлчилгээ эрхлэгчдэд тодорхой дэмжлэг үзүүлж дээрх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны тоо 40 хувиар нэмэгджээ.

Гэвч нөхцөл байдлыг сайжруулан, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны тоог нэмэгдүүлэн парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа боловч дээрх хуулийн үйлчлэх хугацаа дууссан байна.Хуулийн хугацааг сунгах хүсэлтийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас удаа дараа гаргаж байгаа бөгөөд нийтийн зорчигч тээврийн аюулгүй байдал, найдварт ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх үүднээс “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн үзэл баримтлал болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг ийнхүү шинэчлэн боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top