Н.Алтанхуяг юу дэлгэх гээд байгаа юм бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 30

Н.Алтанхуяг долоо хоног бүр сэтгүүлчидтэй уулздаг ээлжит уулзалтаа хийлээ. Дорноговь аймагт олноор мал үхсэн шалтгааны талаарх асуултад “Ерөнхий сайдын захирамж гарган Сайншанд орчимд шинжилгээ дээж хийх ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Мал үхэж, 22 тугал үхсэн. Селен, зэсийн хордлого болсон байх магадлалтай гэх дүгнэлтийг судлаачид гаргасан. Ямартаа ч уранаас болж хордоогүй гэдгийг нь тогтоосон. Засгийн газар энэ ажлыг шалгахад 100 орчим сая төгрөг зарцуулсан. Тагнуул, цагдаагийнхан оролцсон шалтгаан нь дээж холигдож, солигдохгүй байдлыг хангах зорилготой байсан. Олон улсын лабораторуудад зарим шинжилгээг өгөөд байгаа. Энд шинжилгээ хийсэн судлаачдыг авчирч та бүхэнтэй уулзуулах боломж уг нь бий” гэв.

Мөн хүргэн дүүдээ Тавантолгойн тендрийг авч өгсөн гэх асуудалд “Би УИХ-ын чуулган дээр хариуцлагатайгаар хэлсэн. Н.Алтанхуягийг огцруулах зургаан шалтгаан гаргаж ирсэн. Гэтэл одоо тэдгээр асуудлын талаар яригдахаа больсны дараа өөр зарим шалтгааныг гаргаж гүтгэлэг явуулаад байх шиг байна. “Эрдэнэс Тавантолгой” компаниас бүр албан ёсны бичиг гаргуулж авлаа. Тэр бичигт “Тендерийн шалгаруулалтыг хууль ёсны дагуу хийсэн. Тендерийн үнэлгээ хороо нь Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу хэнээс ч хараат бусаар шалгаруулсан” гэв.

Энэ мэт мэдээллийн шалтгааныг тэрээр улс төржүүлж буй байдал гэж дүгнэсэн бөгөөд “энэ мэт явдал хэрээс хэтэрвэл би зарим зүйлийг дэлгэж ярина гэж бодож байгаа” гэдгийг онцолсон юм. Сэтгүүлчийн зүгээс “Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар хууль бусаар томилогдоод буцаж чөлөөлөгдсөн Б.Ариунсанг яагаад ТЕГ-ын даргаар томилов. Үндсэн хуулийн зөрчил гэвэл дахиад л энэ хүнээ цээжээрээ хамгаалах уу” гэх асуултад “Үндсэн хуулийг бид бүгдээрээ л байнга уншиж, үргэлж дээдлэн явах хэрэгтэй.

Үндсэн хуулийг өөр нэгэн өнцгөөс нь тайлбарлаж намайг зөрчсөн гээд байх шиг байна. Тагнуулын Ерөнхий газрын даргыг томилох нь хувь хүний асуудал биш. Тодорхой итгэл хүлээж үүрэг үүрч байгаа хүнийхээ хувиар хийсэн томилгоо. Бүх асуудлыг олон нийтээр хэлэлцэж, долоон булчирхайг нь тоочоод байдаггүй” гэж хариулсан байна. Түүний хүүхдийн эрхийг хамгаалах талаарх асуултын хариуд зарим шинэ мэдээлэл гарсан бөгөөд 0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн талаар бодлого гаргах тухай хуулийн төслийн тухай байв. Тодруулбал, хүүхэд төрүүлсэн эмэгтэйд төрөхөөс өмнө, төрсний дараа таван сарын тэтгэмж өгдөг, үүнийг хоёр нас хүртэл тэтгэмж өгдөг болгон сунгах санаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.18.46) 2013 оны 05 сарын 31

Алтанхуягийн дүү Дэнзэнгийн эхнэр байгаагүй бол Уянга гэдэг охин 1 өдрийн дотор компан байгуулж 17 тэрбумын тендэрт ялчих бололцоо байгааюу

0  |  0
Top