“Улс орны эрх ашгийг эхлээд бодох ёстой”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Аливаа улс төрийн сонголт болгоны үр дагавар улс эх орон, ард түмний эрх ашигт сайн, эсвэл саараар нөлөөлж байдаг чухал үйл явц. Тэгэхээр хэн нэг нэр дэвшигчийн төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийж байгаа сонголт гэдэг утгаар Ерөнхийлөгчийн сонгуульд хандах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Содном гуай ярьж байна. 

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд өөрийн гэсэн шалгуур байх ёстой. Үүнийг та хэрхэн тодорхойлж байна вэ? 

-Дэлхийн зарим улс орнуудад эзэн хаан өнөөдөр ч байдаг. Тэд засаг төрийн ажилд утгалдаж оролцдоггүй, их хөндий. Манай улсын хувьд авч үзэхэд Ерөнхийлөгч нь улс орныхоо хөгжлийн асуудал, төр засгийн ажилд оролцон зөвийг нь дэмжиж, бурууг нь хазаарладаг үүрэгтэй байх ёстой. Мөн түүний чухал хариуцах ёстой нэг ажил нь Монгол Улсыг гадаадад төлөөлж ажиллах том үүрэг байдаг. Энэ үүргээ Ерөнхийлөгч биелүүлэх ёстой. Гадаад Улсад Монголын нэр төр ямар байх вэ. Яаж хамтын ажиллагаа өргөжих вэ гэдэг асуудлаар Ерөнхийлөгчийн үүрэг маш өндөр байх ёстой. Үүнийгээ дагаад бусад улсуудтай харилцах асуудлаар тун чадварлаг байх шаардлага бий. Энэ талаас нь авч үзэхэд дэлхий нийтээрээ хэрэглэдэг хэл усны мэдлэг ч сайн байх ёстой байх. Дотоод ажлын хувьд Их Хурал, Засгийн газрын тодорхой ажиллагаанд тэр болгонд оролцоод байх бас хэрэггүй байх. Зарчмын чиг шугамын хувьд нь л Ерөнхийлөгч  оролцохоос биш өдөр тутмын ажилд бол хутгалдах хэрэггүй байдаг. 

-Тэгэхээр ийм хариуцлагатай албан тушаалд хэнийг сонгох вэ гэдэг асуултад иргэд бас их хариуцлагатай хандах ёстой биз?
-Ерөнхийлөгчийн сонгууль бол маш хариуцлагатай ажил. Ямар хүнээ бид Ерөнхийлөгчөөр сонгох нь зүйтэй вэ гэдгээс гадна иргэд бүгд үүнд оролцож, саналаа өгөх нь чухал. Гэхдээ бид нэг чухал асуудлыг мартаж болохгүй. Танил найз нөхөд ч гэдэг юм уу, нэг нутгийн хүн ч гэдэг юм уу, эсвэл нэг намын нөхөр гэдэг хоосон сэтгэлийн хөөрлөөр “тийм хүнийг сонгоно оо” гэж энэ асуудалд хандах нь дутагдалтай. Би хамгийн гол нь юу гэж боддог вэ гэвэл “Монгол Улсын ашигт сонирхолд хэн нь сонгогдсон байвал илүү вэ” гэдгийг бодож, саналаа өгөөсэй гэж бүх сонгогчдоосоо хүсмээр байгаа юм.

-Тэгвэл улс эх орны эрх ашигт хамгийн тулгамдалж буй асуудлуудыг Та юу гэж харж байна вэ?
-Хэд хэдэн асуудлыг энд онцолмоор байна. Хэн нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ирэх жилүүдэд төр засаг тогтвортой ажиллах вэ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн үйл ажиллагаа нэгдсэн бодлогоор тууштай хэрэгжиж, тэндээс ямар сайн үр дүнд хүрэх вэ гэдгийг бодох ёстой. Өөрөөр хэлбэл, засаг төрийн нэгдсэн бодлого яавал тогтвортой, тууштай хэрэгжиж сайн үр дүнд хүрэхээр байна вэ гэдгийг бодож сонголтоо хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэн нь илүү өргөн хүрээгээр мэдэж байгаа, шийдэх арга замыг оновчтой тодорхойлохдоо хэн нь чадварлаг, туршлагатай байх вэ гэдгийг бас бодож сонгох нь зүйтэй. Гуравдугаарт, гадаад харилцааг цаашид өргөтгөж хөгжүүлэх, үүний дотор үр ашигтай гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж идэвхжүүлэхэд ямар хүн нь сонгогдвол илүү үр дүн гарах бол оо гэдгийг бодож сонголтоо хийх хэрэгтэй.

Одоо манайд шүүх засаглалыг шинэтгэх, улс төрөөс ангид байлгах арга хэмжээ хэлэлцэгдэж, хэрэгжиж байна. Энэ их чухал нийгмийн захиалга. Харин хэн Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ ажил цаашид тууштай хэрэгжих вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нөгөө талаар нэг чухал ажил юу гэхээр авлигатай тэмцэх тэмцлийг сулруулахгүй байх чухал. Аль хүн нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ тал дээр бид дэвшил гаргах вэ гэдгийг бодож байж саналаа өгөх нь зүйтэй байгаа юм. 
Ер нь улс эх орны эрх ашиг гэдэг дээр анхаарах ёстой асуудлуудыг би сая хэллээ. Эдгээр асууда дээр л анхаарч саналаа өгвөл Ерөнхийлөгчөө сонгох сонголт зөв болох болов уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top