Ерөнхийлөгч “Нүүдлийн цаачид” төслийн удирдагчдыг хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нүүдлийн цаачид” төслийн удирдагчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Нүүдлийн цаачид” төслийн ахлагч Свейн Диш Майтиесен “Биднийг хүлээн авч уулзаж байгаад гүнээ талархал илэрхийлье. Холбооныхоо нэрийн өмнөөс биднийг бүх талаар дэмжиж тусалдагт талархаж байна. Цаатнууд болон тэдний соёл, зан заншил, амьдрал ахуйг дэмжих тал дээр гаргаж буй та бүхний хүчин чармайлтыг харахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг.

Өнөөдрийн уулзалтын зорилго нь бидний санаачилсан цаачдын амьжиргаа болон экосистемийн уян хатан чанарыг сайжруулах зорилготой “Нүүдлийн цаачид” төслийг хэрэгжүүлэхэд та бүхнээс дэмжлэг хүсэхэд оршиж буй юм. Төрийн тэргүүний хувьд та энэхүү төслийг дэмжих нь маш чухал юм. Мөн бусад холбогдох байгууллагуудаас бид дэмжлэг хүсэх болно.
 
Өнөөдөр бол бидний хувьд онцгой сайхан өдөр тохиолоо. Учир нь цаатнуудын төлөө асар их зүйлийг хийсэн Ерөнхийлөгч тантай биечлэн уулзаж, танаас дэмжлэг авах нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийье” хэмээв.
 
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бид цаатнуудтай холбоотой төсөл хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажилладаг. Та бүхнийг цаатнуудын амьдарч буй орон нутгийн захиргаа болон бусад холбогдох хүмүүстэй холбож өгөх болно. Та бүхний санал санаачлагыг бид дэмжиж, нягт холбоотой хамтран ажиллах болно” гэв.
“Нүүдлийн цаачид” төслийг Даян Дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол болон ОХУ-ын Засгийн газраас хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл нь ОХУ-ын Алс дорнод болон Монголын хойд хэсгийн цаа бугын бэлчээр нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулахад гол үйл ажиллагаагаа чиглүүлэх ажээ. Уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны ололтуудтай хослуулан биологийн олон янз байдлыг хамгаалж, бэлчээрийн талхлалтыг бууруулснаар цаатан иргэдийн амьжиргаа болон хүрээлэн буй орчин сайжирна хэмээн үзжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сард Норвегийн Вант улсад хийсэн айлчлалын үеэр уг төслийн саналыг танилцуулсан билээ. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр төслийн зорилтот газар нутагт амьдарч буй цаатан иргэдийн саналд үндэслэн боловсруулсан цаа маллагааны тогтвортой байдлыг хангах талаарх “Монголын цаатнуудад тулгарч буй асуудлууд” сэдэвт тайлан гаргасан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top