АН-ынхан найман хувийн зээл олгохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаар орон сууцны урт хугацааны зээлийн тухай хэлэлцэж найман хувийн хүүтэй зээлийн ажлыг энэ долоо хоногт эхлүүлэх нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. Энэ тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Найман хувийн хүүтэй зээлийг энэ долоо хоногоос олгож эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ долоо хоногтоо Засгийн газраас уг хөтөлбөрийн нээлтийг хийх байх” хэмээв.

Түүнчлэн  сум хөгжүүлэх санд 22.8 тэрбумыг гаргасан байхад одоо хүртэл жижиг, дунд үйлдвэрлэгчдэдээ очоогүй байгаа талаар ярилцаж, тус сангийн ажлын явцад хяналт шалгалт хийх хэрэгтэй хэмээн үзсэн байна.

Бүлгийн хуралдаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож, мэдээлэл хийжээ. Стратегийн ордод зарим ордыг нэмж оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл бэлдэж оруулах гэж байгаа гэнэ. Үүнд нь Гачууртын алтны орд, Хөшөөт болон Цайдмын хөндийн нүүрсний ордууд, газрын ховор элементийн дөрвөн орд багтаж байгаа аж. Мөн нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах, шатдаг занарын тос гаргаж авах зэрэг ажлууд хийгдэх гэж байгаатай холбогдож үйлдвэрийн тусгай тоног төхөөрөмжийг импортлохдоо гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top