НӨАТ-ын хуулийн өөрчлөлтийг Онлайн парламентаар хэлэлцүүлж байгаа. Үүн дээр Эдийн засгийн ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа, ямар ажлуудыг хийж байна вэ?
Б.Отгонзул: Онлайн парламентын Эдийн засгийн ажлын хэсэг НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт хийх саналын дагуу ажиллаж онлайн иргэдийнхээ байр суурийг сонсож байна. Ялангуяа манай ажлын хэсэг ЖДҮ эрхлэгчид, НӨАТ-т хамрагддаг аж ахуй нэгж байгууллагуудын эзэд, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг менежерүүдийн түвшинд санал асуулгыг идэвхитэй өрнүүлж байна. Энэхүү асуулгаас үзэхэд олон янзын санаачлагууд гарч байна. Үүнтэй уялдуулж манай Онлайн парламентынхан олон нийтийн саналыг хэлэлцүүлээд нэгдсэн нэг форум зохион байгуулах саналтай байгаа. Энэ форумд хууль санаачлагч тал нь, УИХ-ын хууль тогтоогчдын бүрэлдэхүүн, нөгөө талаас Онлайн парламентын төлөөлөгчид болон онлайн иргэдийн төлөөлөгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөгчдийг оруулж нэгдсэн форум зохион байгуулна. Форумд бидэнд тулгамдаж байгаа НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу? Босго үнэ 200 сая байх нь зөв үү? Эсвэл өөр байх ёстой юу гэсэн асуудлууд дээр хэлэлцүүлэг зохиож хариулт авах үүднээс форум зохиохоор ажиллаж байна.
Энэ талаар олон нийтээс ирж байгаа мессэж?
Б.Отгонзул: НӨАТ-ын тухай хууль нь далд эдийн засгийг ил болгох бүртгэлийн чанартай хууль юм. Тиймээс үүнд заавал босго тавих шаардлага байдаг юмуу гэсэн санаа гарч байхад нөгөө талд босгыг заавал 200 сая байлгах албагүй гэсэн байр суурьтай, зарим нэг нь 200 сая байх нь зөв гэж үзэж байна. Онлайн хэрэглэгчдын цөөнгүй хэсэг НӨАТ-ын хувийг 10 хувь биш 1 хувь болгож иргэн бүр бүртгэлд хамрагдах нь эрүүл үзэгдэл бий болно гэж харж байх жишээтэй байна.
НӨАТ-ийн босгыг 200 саяд хүргэхэд улсын төсөв болоод аж ахуй нэгж, иргэдэд нөлөөлөх нөлөө?
Б.Отгонзул: Улсын төсөвт НӨАТ ямар үйлчилгээ үзүүлж байна вэ гэдэг талаас нь харахаар энэ нь маш өргөн сэдэв юм. Жишээ нь улсын төсөвт төвлөрч юунд чиглэгдэж, ямар зориулалтаар хэрэглэгдэж байгаа, буцаан олголт ямар хугацаанд хэдэн хувьтай хийгдэж байгаа гэх зэрэг үүнийг тойрсон асуудлууд гарч ирнэ. Тиймээс онлайн хэрэглэгчдийн санаа бол үүнийг нийтэд дарамтгүйгээр хэрэгжүүлэх нь зүйтэй, ингэх юм бол далд нуугдсан эдийн засаг ил гарч төсвийн тал дээр орлого бүрэлдүүлж байгаа бүрэлдэхүүн нэмэгдэх хандлагатай байна гэсэн тооцоо судалгаа байгаа. Иймээс хувь, механизм, энэ хуулийн үйлчлэх процесс дээр нь ярилцах шаардлагатай юм гэсэн саналууд гарч байна.
Сэтгэгдэл ( 0 )