Хүүхдээр нь дамжуулж байгалийн баялгийг тэгш хуваарилна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

“Шинэ Ерөнхийлөгч явж байна. Ямар азтай өдөр вэ. Хамт зургаа авахуулъя” хэмээн хашгиралдана. “Аваргатай ганц гар барьж, хүүгээ үнэрлүүлье” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг иргэд бүчив.  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Сүхбаатарын талбайд зочилсон нь энэ. Иргэд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэх аж. Төв талбайд энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулагдаж, хөл хөдөлгөөн ч ихтэй байлаа. Ямартаа л баяр дээр баяр нэмсэн сайхан өдөр байна хэмээн ач, зээгээ баярлуулж яваа буурлууд бэлгэшээж, дурсгалын зургаа татуулсан юм. Аваргатай гар барьж, зургаа татуулах тэрхүү торгон агшныг иргэд алдахыг хүссэнгүй. Тиймдээ ч уртаас урт дараалал үүсгэх шахсан шүү.

МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ жанжны талбайг нар зөв тойроод Олимпийн гудамж уруудан паркийн зүг алхлаа. Хуулиар олгогдсон харуул хамгаалалтыг Б.Бат-Эрдэнэ алхам тутамдаа “хэрэглэх”-ийг хүсдэггүй нэгэн аж. “Алхаад хүрчихнэ ээ” гээд гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах нэр дэвшигчийг хараад гайхаж хоцорсон би дэргэд нь очоод “Улсаас танд хамгаалалт гаргаж өгсөн биш үү. Машин тэрэг нь ч бэлэн байхад алхах хэрэг байна уу” гэхэд тэрбээр “Замын хөдөлгөөн ихтэй байхад гэрэл дохио анивчуулж, түгжрэл нэмээд яах вэ. Үүний оронд явган алхаж, автобусанд суух нь хавьгүй дээр” гэв. Хүн бүрт хөдөлгөөн дутагдсан өнөө үед аваргын энэ чанарыг нийтэд түгээж, бусад нэр дэвшигчдэд ч уриалмаар санагдсаныг нуух юун. Нэгэнт л ард түмний амьдралтай танилцаж, цаашид тэдний төлөө юу хийхээ танилцуулах гэж байж ард түмний унаагаар зорчиход яагаад болохгүй гэж. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр хамгаалалт авч, замын хөдөлгөөнийг хаах нь зохисгүй юм даа гэсэн бодол толгойд эргэлдэв.

huuhdiin bayar

 

Олимпийн гудамж уруудан алхах Б.Бат-Эрдэнийг жолооч нар хүртэл дэмжиж байгаагаа илэрхийлж, “Зөвийг дэмжинэ шүү” хэмээн машиныхаа цонхоор хашгирах аж. Замд таарсан иргэд ч аваргатай санаа бодлоо солилцож хамтдаа алхсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үүдэнд ирлээ. Аваргыг харсан эмээ, өвөө нар сандарч “Алив ойр хавьд сүү байвал аваад ир. Хүүдээ амжилт хүсье” гэсээр угтав. Өнгөрсөн хугацаанд эх орон, уул ус, газар шорооныхоо төлөө тэмцэж явсанд нь үргэлж талархаж байдгаа хэлж, энэ удаагийн сонгуулиар түүнийг дэмжиж саналаа өгөхөө илэрхийлж байлаа. Аварга гэр бүлийнхэнтэйгээ жил бүрийн энэ өдөр паркад ирдэг байснаа дурсав. Хүүхдүүд нь том болсноос хойш бараг ирээгүй аж. Бараг гэдэг нь паркийн газар хумигдаж, алга дарам газар л үлдсэнийг парламентын танхимд шүүмжилж байдаг тэрбээр бодит байдалтай танилцахаар өмнө нь ирж байжээ. Аль засгийн үед хэн гэгч эрх мэдэлтэн зөвшөөрөл өгсөн нь хамаагүй, гагцхүү ирээдүй хойч үеийнхний амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ганц газрыг аварч үлдэх нь чухал гэж тэрбээр онцолсон. Уг нь одоогийн “Баянмонгол” хороолол байрлах тэрхүү газрыг хүүхэд, залуучуудын бүс болгох саналыг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хотын даргад удаа дараа уламжилж байж. Гэтэл өдгөө орон сууцны хороолол байрлаж буйд ихэд сэтгэл эмзэглэж явдгаа хэлсэн.

Зөвхөн паркийн хашаа руу нэвтрэх гэж дугаарласан иргэд тоймгүй. Дотроо ч хөл гишгэх зай үнэндээ л алга. Иймэрхүү өнгө төрхтэй жижигрүүлсэн паркийг харж зогссон нэр дэвшигч санаа алдав. Хуучин цагт зай талбай ихтэй, моднуудынх нь дэргэд гэр бүлээрээ сууж ундаалж байсан тэр дүр төрх үнэндээ л алга. “Үзвэр, үйлчилгээ ч ихтэй байж дээ” гэх харууслын үг л амнаас унах аж. Хүүхдийн эрх ашгийг хөндсөн асуудлыг шударгаар зохицуулдаг төр байх ёстой. Тиймээс ч энэ асуудлыг нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаснаа энэ үеэр тайлбарлаж явлаа. Хүүхэд бүрт нээлттэй бус алагчилж, гадуурхсан, ашиг хонжоо хайсан жижигхэн вант улс тэнд бий болжээ. Энэхүү өндөр байшингуудын буланд байрлах жижигхэн цэцэрлэгт хүрээлэн бол Монгол Улсын “Диснейлэнд”. Ийнхүү сэтгэл эмтэрсэн нэгэн дүр зургийг харж, дотроо хоёрыг тунгаасан Б.Бат-Эрдэнэ Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийг зорив.

Аваргыг ирэх сургаар уулзахаар хүлээж суусан юм хэмээн Говь-Алтай аймгийн иргэн Ц.Сайнзаяа хүүгээ тэвэрсээр угтав. Түүний нөхөр 2009 онд бусдын гарт амиа алджээ. Гурван өнчин хүүхдээ тэвэрч үлдсэн тэрбээр хэдэн зүйлийг аминчлан хэлэхийг хүсчээ. Ханийг нь бүрэлгэсэн алуурчинд өгсөн шийтгэл үнэхээр багадсан гэнэ. Гэхдээ энэ нь гол биш. Харин үлдсэн үр хүүхдэд нь хохирлын мөнгө гэж хэдэн төгрөг өгөх шүүхийн шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл авч чадаагүй аж. Аймгийн болон нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханд хандсан ч нэмэр болсонгүй. Тэрбээр “Би өмнөх сонгуулиар ардчиллыг дэмжиж саналаа өгсөн. Гэвч сонголт минь сохор байсныг өөрийн биеэр мэдрээд явж байна. Эх хүний хувьд тэр хүнийг цаазлуулах гээд байгаа юм биш. Гол нь үлдэж байгаа хохирогчдын эрх ашгийг яах ёстой юм бэ” хэмээн нулимс дуслуулав. “Ганц надаар биш гэмт хэргээс үүдэлтэй хүний амь нас хохирч, ард нь хоцорсон хохирогчдын асуудлыг анхааралдаа аваач. Муугаар бодож эх нь өөд боллоо гэхэд бүтэн өнчин хоцрох гурван хүүхдийн авах тэтгэмж ердөө л 100 гаруй мянган төгрөг. Энэ мөнгөөр гурван хүүхэд хооллоход хүрэлцэхгүй. Иймээс өнчин хоцорсон хүүхдүүдийн асуудлыг мөн анхааралдаа авч Төрийн тэргүүний хувиар хуулийн төсөл боловсруулаач” хэмээн хичээнгүйлэн хүссэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ түүний саналыг хүлээн авч, анхаарлаа хандуулахаа ч тодотгосон.

Харин дотогш ороход хэд хэдэн төрөхийн өргөтгөл, шинэчлэлийн ажил Засаг өөрчлөгдсөнтэй холбоотой зогссон гэх гомдлоор эмч нар угтав. Төрөх эмнэлэг ачаалал ихтэй байхад иймэрхүү зүйлээр улстөржихгүй байж, ажлаа урагшлуулахыг өнөөгийн эрх баригчдад уламжилж өгөхийг хүссэн юм. Б.Бат-Эрдэнэ “Зөв зүйлийг дэмжиж, урагшлуулах хэрэгтэй. Аливаа ажлыг улстөржиж зогсоодог тэр байдлыг хатуу хориглоно. Эвийг эрхэмлэж, улс төрөөс ангид бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь чухал. Түүнээс биш тэрний эхлүүлсэн ажил гэж асуудалд хандмааргүй байна” хэмээв.

Өрх бүр үйлдвэрлэгч байхыг дэмжинэ
Үүний дараа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ төв номын сангийн автобусны буудлаас Үйлдвэр-7 буудал чиглэлийн автобусанд суув. Зорчигчид баярлаж “Ямар сонин юм бэ. Ерөнхийлөгчтэй автобусанд суучихаж” хэмээх аж. Аварга “Надад автобусаар зорчих амар байдаг юм. Машинаар явахаас ч хурдан байдаг юм шүү” гэсээр иргэдтэй хууч хөөрөв. Иргэд “УИХ-ын гишүүд тэс өөр орчин нөхцөлд амьдардаг юм биш үү. Автобусаар явж болох юм уу” хэмээн шалгаах аж. Б.Бат-Эрдэнэ “Би энгийн л хүн. Та ч, би ч адилхан. Бусдаас ялгарч онцгойроод байх шаардлагагүй. Өмнө нь ч би алхахдаа алхаж, автобус, такси аль нэгээр нь зорчдог байсан. Өнөөдөр ч энэ хэвээрээ л байна. Албан тушаалтай боллоо гээд миний ааш, араншин өөрчлөгдөхгүй” хэмээв. Түүнтэй санал бодлоо солилцох гэсэн иргэд автобусны хойд хэсэгт бараг л түгжрэл үүсгэв.

Ийнхүү чихэлдсэн автобусаар Долоон буудалд ирэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ирж яваа сургаар иргэд цуглачихсан байв. Өнгөрсөн хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг мэдсэн болохоор сонголт хийхэд амар байгааг ч иргэд тодотгож байлаа. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ иргэдтэй уулзсаныхаа дараа Сүхбаатар дүүргийн XIV хороо Хандгайтад оршин суух Б.Розагийнхаар айлчлав. Таван хүүхэдтэй энэ айл өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Гал тогоо, том өрөөний хананы шкаф, угаалтуур хийж зах дээр гаргаж зардаг гэнэ. “Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах гэсэн ч над шиг хүнд олддоггүй юм билээ” хэмээн хүү нь нэр дэвшигчид учирлав. Мөн арилжааны банкнаас зээл авах гэхээр өндөр шалгуур тавьчихдаг учраас авч чаддаггүй аж. Иймээс банк бус санхүүгийн байгууллагаас сарын гурван хувийн хүүтэй мөнгө зээлж, өрхийн үйлдвэрлэлээ ажиллуулах болжээ. Эхний ээлжинд жилийн 15 сая төгрөг зээлж, тоног төхөөрөмжөө авсан гэнэ. Энэ мөнгөө төлж дуусгаад дахин зээл авч, үйлдвэрлэлээ тодорхой хэмжээнд томсгосон байна. Мөн цөөн гэлтгүйгээр хүмүүсийг ажлын байраар хангаж, цалинжуулж байгаагаа ч дуулгасан.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ залууг сайшааж, “Улс орон хөгжих үндэс нь ажилтай, орлоготой хүн. Тэр дундаа өрхийн бизнес эрхлэгчид байдаг юм. Сарын гурван хувийн хүү, жилийн 36 хувийн хүүгээр бизнес эрхэлнэ гэхэд хүнд. Дээр нь бага гэлтгүйгээр иргэдийн ажлын байраар хангаж байгаа чинь чухал. Өрх бүр үйлдвэрлэгч байх бодлогыг би дэмжинэ. Мөн банкны шалгуурын тухайд УИХ-аас батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээлээ. Түүхий эдээ Зуун айлын барилгын материалын дэлгүүрээс авдаг бөгөөд өдгөө захиалагчдынх нь тоо ч нэмэгдсэн тухай залуу танилцууллаа. Хашаандаа үйлдвэрлэлээ эрхлэх тусгай байшинтай бөгөөд илүүдэл хаягдлаа хүртэл түлш болгож хэрэглэдгээ хэлж байв. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Би ч мөн адил та нар шиг ийм жижиг бизнес эрхэлж амьдралаа босгосон хүн. Тийм учраас ямар хүндрэл бэрхшээл учирдгийг сайн мэднэ. Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын гишүүний хувиар би санаачилга гаргаж ажилласан. Харин одоо ийм зээл том компаниуд руу бус жинхэнэ эзэндээ очих ёстой. Төр энэ асуудлыг зохицуулах үүрэгтэй. Миний мөрийн хөтөлбөрт та бүхнийгээ дэмжих тодорхой бодлого бий” гэлээ.

Үүний дараа нэр дэвшигчийг нутгийнх нь эгч гэртээ урив. Таван охинтой Б.Дарийм Долоон буудлын автобусны буудал дээр мухлаг ажиллуулдаг аж. Хүүхдүүд нь бүгд их, дээд сургууль төгссөн ч хоёр нь л ажилтай. Бусдад нь ажил олдохгүй байгаа тухай ярив. Есөн зээтэй болсон энэ буурайгийн хэлж байгаагаар иргэдийн худалдан авах чадвар сүүлийн үед муудсан гэнэ. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг ч тэрбээр тодотгож байлаа. Дорнодын цахилгаан станцад 1969 онд илгээлтийн эзнээр очиж байсан Б.Дарийм хүүхдээр нь дамжуулж байгалийн баялгийг зөв, тэгш хуваарилна гэж ярьж яваа дэвшигчийн үгийг зөв зүйтэй гэдгийг хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(114.31.70.53) 2013 оны 06 сарын 03

үзээгүй юмаа үзэж автобусанд шоудаж ч явах гэждээ Аваргаа

0  |  0
Top