Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тус байнгын хороо энэ тогтоолын төслийг өнгөрсөн сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр байнгын хорооны гишүүд нэгэнт хууль батлагдсан учраас хэрэгжилтийг хангахыг дэмжиж буйгаа ч төслийг хэлэлцэж шийдвэрлэх процедур нь хуулийн дагуу зөв явах ёстой гэсэн байр суурьтай байсан ч гишүүдийн олонхи нь уг тогтоолын төсөл нь зохион байгуулалтын асуудал мөн эсэх, түүнчлэн төслийг санаачлагч нь хэн байхыг тодруулах шаардлагатай гэж үзсэн тул тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулахаар болсон юм.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг, мөн сарын 7-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг тус тус томилжээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөлийн гишүүн нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс авч зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна” гэж заажээ. Иймээс “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 2002 оны 73 дугаар тогтоолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг “ТӨ-IVA”, Ерөнхий зөвлөлийн гишүүдийн албан тушаалыг “ТӨ-VA” зэрэг зиндаа, зэрэглэлтэйгээр тогтоох саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөлөөс УИХ-д ирүүлсэн байна. Энэ тухай танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва нар хийсэн юм.
Харин байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн заалтыг хэрэглэх талаар гарсан дээрх саналын зөрүүтэй холбогдуулан тайлбар гаргуулахаар тус байнгын хорооноос УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн экспертийн албанд хандсан байна. Энэ талаар тус албанаас ирүүлсэн тайлбарт дурдсанаар “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг анх 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр тухайн үеийн УИХ-ын гишүүн Ш.Бадам, Д.Түмэндэмбэрэл нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг УИХ 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталжээ. Түүнээс хойшхи хугацаанд тогтоолд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм байна.
Харин 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт нэмэлт орсноор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн өндөр албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн УИХ тогтоохоор болсон аж. Мөн Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлд заасны дагуу УИХ шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон зохион байгуулалтын шинжтэй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдлыг 2011 оноос 2013 оны 4 дүгээр сарын байдлаар лавлагаа гаргаж үзэхэд хариуцсан байгууллагын саналыг үндэслэн холбогдох байнгын хорооноос санаачлан УИХ-ын нийт 30 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан тухай уг тайлбарт дурдсан байна.
Ингээд Тамгын газрын Эрх зүйн экспертийн албанаас ирүүлсэн тайлбар болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт санал гараагүй тул тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )