МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨВ 50 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Сар гаруйн дараа Монголын үндэсний наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам болно. Үүнтэй холбогдуулан МУ-ын Засгийн газраас баяр наадмыг зохион байгуулах хороог томилж, зардал мөнгийг урьдчилсан байдлаар төсөвлөсөн нь урьд онуудыхаас даруй 50 дахин өндөр гарчээ. Монголын эдийн засгийн үзүүлэлт буурч, төсөв танагдсан үед ийнхүү хэдэн тэрбумаар наадмын арга хэмжээг зохион байгуулж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Мэдээж бүтээн байгуулалтын шинжтэй олон ажил хийгдэхээр төлөвлөсөн хэдий ч найр цэнгээн, урлаг соёлын арга хэмжээ, урсгал зардалд л гэхэд 3.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хэтэрхий их зардал урсгаж буй хэрэг юм.

Наадмыг зохион байгуулахад  оролцох соёл урлагийн салбар хороо энэ жил 969.6  сая төгрөг  буюу бараг тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.  Гэтэл 2012 оны наадмаар тус салбар хороо 82.2  сая төгрөгт багтааж байсан ба өмнөх оныхоос 10 дахин нэмэгджээ. Энэ жилийн наадмын үйл ажиллагаа ямар нэгэн ойтой давхцаагүй атлаа төсөв нэмэгдсэн шалтгаан нь юу байв? Үүнд төсөвлөсөн төсөвөөсөө нийгэмд хэрэгцээтэй сургууль, цэцэрлэг, эмнэлэг баривал ард түмэнд тустай үйл юм. 

Иймээс “Онлайн парламент”-ын нэр бүхий төлөөлөлийн зүгээс МУ-ын ЗГ-т хандаж, уг зардлын задаргааг олон нийтэд ил нээлттэй болгох, зарцуулагдахаар төлөвлөсөн нэг удаагийн арга хэмжээний зардлыг бууруулах зөвлөмжийг өгч байна.

Цаашдаа үндэсний баяр наадмыг зохион байгуулах менежментдээ шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Сүүлийн жилүүдэд баяр наадам тойрсон эрүүл бус үзэгдлийг хязгаарлах, үндэсний төдийгүй бүс нутаг цаашлаад олон улсын хэмжээний нэр хүндтэй наадам цэнгүүн болгох талаар анхаарах цаг болжээ. Иймээс “Онлайн парламент”-ийн нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газарт хандаж санал зөвлөмж хүргүүлж буйн зэрэгцээ “Монгол наадмыг шинэчлэх” өргөн олныг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, үндэсний баяр наадмын цар хүрээ, нэр хүндийг өсгөх талаар анхаарах цаг болсныг сануулж байна.

Наадмын төсөв энд дарж үзнэ үү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top