“Хэлэмгий” биш ажил хийдэг Ерөнхийлөгчтэй болъё

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллалаа. Улаанбаатар хотод хүчтэй салхитай байсны улмаас нэр дэвшигчийн хуваарьт нислэг зургаан цаг хойшилсны эцэст 12.45 цагт ИНЕГ-аас нислэг үйлдэх зөвшөөрөл өгөв.  Ийнхүү нэр дэвшигч цаг агаарын хүнд нөхцөлд Өвөрхангай аймгийг зорьсон ч саадгүй ниссээр Арвайхээр хотод хүрч ирсэн юм. Энэ зуур өвөрхангайчууд Арвайхээр хотын нисэх буудалд цуглаж, нэр дэвшигчээ сэтгэл зовнин хүлээж байжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Иргэд сонгогчидтой хийх уулзалт хуваариас хоцорсон тул амсхийхийг хүссэнгүй. Шууд арга хэмжээндээ орох”-ыг санал болгосон. Ингээд Сайн ноён хан Намнансүрэнгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснийхээ дараа Соёлын төвд очиж иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

uvurkhangai-2

Тэр өвөрхангайчуудад хандаж хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд заасан засаглалуудын хараат бус байдал, зааг ялгаа алга болсон. Ялангуяа шүүх засаглал өнөөдөр хэн нэгэн эрхтэн дархтаны нөлөөнд орсон. Шударга шүүгч нар олон байгаа ч энэ нөлөөллөөс болоод шударгаар ажиллаж чадахгүй байгаа” талаар хөндсөн юм. Энэ үг Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчдын хөндүүр сэдвийг нь оносон гэхэд болно. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өвөрхангайчуудын олонхи МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт саналаа өгсөн. Тэд өрсөлдөгчөөсөө даруй 2500-7000 орчим илүү санал авсан ч сонгогчдоо төлөөлж УИХ-д суух эрхээ шүүхийн шийдвэрээр алдсан юм. Нэг үгээр хэлбэл, өвөрхангайчууд нэр дэвшигчийн хэлээд байгаа шүүх засаглалын гажуудлыг биеэрээ амсч, “хаан сонголт”-оо шүүхийн шийдвэрээр өөрчлүүлсэн юм. Энэ талаар С.Чинзориг “Төмөрхүү бид хоёрт үнэмлэхүй олонхийн саналаа өгсөн та бүхэндээ баярлаж явдаг.

uvurkhangai-3

 

Би хэрэг хийгээгүй, санал луйвардаагүй гэдгээ та бүхэнд ам бардам хэлэх байна. Гэхдээ та бүхний минь сонголтыг ичих булчирхайгүй, юу ч хийхээс буцахгүй олигархиуд шүүх эрх мэдлийн хүчээр булаасан. Тэр бүү хэл төрийн албан хаагчдын суудлыг наймааны “бай” болгосон. Өнөөдөр тойргийн хорооны даргын эхнэр нь аймгийн “авдар”-ыг тоолоод сууж байгааг та бид харж байна. Тийм учраас бид одоо л ялах хэрэгтэй байна. Ингэж байж эдгээр хууль бус үйлдэл, завхралыг таслан зогсоох боломжтой болно. Б.Бат-Эрдэнэ аварга бол жудагтай, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Та бүхэн санаж байгаа бол манай аймагт зуд тохиолдоод байх үед “Чинзориг оо, танай нутагт хүнд байгаа гэнэ. Хоёулаа танай нутагт очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцъя” гээд ирж байсан. Энэ бол энэ хүний Монголоо гэсэн чин сэтгэлийн нэг илэрхийлэл юм” гэв.

uvurkhangai-4
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Бидэнд хуульч Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Б.Бат-Эрдэнэ бол УИХ-д гурван удаа нэг аймгаас сонгогдсон төрийн түшээ. Хууль зүйн байнгын хорооны дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Аварга маань Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байхдаа шүүх засаглал ялзарч, шийдвэр гаргахдаа үгсэн тохиролцох замаар ажиллаж байгаад харамсч, бухимдаж, үүнийг өөрчлөхийн төлөө зүтгэдэг байсан. Тийм учраас бид энэ байдлыг засуулахаар түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн” гэв. Иргэд ч түүний үгийг талархалтай хүлээн авч “Бид дахин саналаа луйвардуулахыг хүсэхгүй. Энэ удаагийн сонгууль шударга л болдог юм бол аварга маань гарцаагүй сонгогдоно” гэж байлаа. Тэд бас “Б.Бат-Эрдэнэ аварга бол Хөдөлмөрийн баатар, 10 жил төр түшилцэж байгаа, хийсэн ажил нь олон түмнийхээ нүдэнд харагддаг хүн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “хээгүй”, дараагийнх нь “хийгүй” гэсэн тодотголтой байсан. Гурав дахь нь “хэрэгтэн” болоод явчихсан. Харин дөрөв дэх нь “хэлэмгий” хүн байна. Одоо л бид “хийдэг” Ерөнхийлөгчтэй болох цаг” хэмээж байв.

uvurkhangai-5

Харин Өвөрхангай аймгийн оюутан, залуус “Оюутан залуусын ирээдүй улс төрийн талцал, намчирхлын золиос болж. Олон мянган залуус төрийн албанд орж ажиллах үүд хаалга нь хаалттай байгаа” талаар гомдоллож байв. Хариуд нь нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Энэ байдлыг бид хамтдаа засах ёстой. Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа орон нутгаас ирсэн оюутнуудынхаа амьдрал байдалтай дотуур байранд нь очиж танилцаж байсан. Мөн айлын халаасны өрөө, хашаа, гэр түрээсэлж амьдардаг оюутнуудтайгаа ч уулзсан. Үнэхээр хүнд хэцүү нөхцөл амьдардаг оюутан ч байв. Тийм учраас бидний хэсэг гишүүд санаачилж, 1000 оюутны дотуур байр барих хөрөнгө мөнгийг улсын төсөвт суулгуулж, бариулсан. Бид үүнээс ч илүүг хийх нөөц боломж бий. Харамсалтай нь, намчирхаж, талцах үзэгдэл улс төрөөс хальж, айл гэрт хүртэл бий болсон байна. Энэ шалтгаанаас болоод Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Тийм учраас л би “Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжинэ” гэсэн уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа билээ” гэв. Нэр дэвшигч өнөөдөр Баянхонгор аймгийн иргэд, сонгогчидтой уулзах юм.

uvurkhangai-6

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top