Хан Хэнтийчүүд Н.Удвалыг сонгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал өчигдөр  Хэнтий аймагт ажиллаж, иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Хан Хэнтийчүүдийн олонхи нь  төрийг төвшитгөх эрхийг энэ удаа эмэгтэй хүнд өгөөд үзвэл яасан юм бэ гэсэн бодолтой сууна. Тэд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр дэх оюутнуудад сар бүр зүгээр  тэтгэлэг олгох бус сургалтын тогтолцоонд өөрчлөлт оруулж 11-ээс гуравдугаар сар хүртэл хичээллээд бусад үед нь буюу урин дулааны цагт хөдөлмөр эрхлэх, сургалтын төлбөрөө өөрсдөө олох боломжийг бүрдүүлэх амлалтыг талархан дэмжиж байна.  Үг хэлсэн иргэдийн олонхи нь Хэнтий аймагт ажилгүйдэл ядуурал туйлдаа хүрсэн, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төрөөс анхаарахгүй бол хүнд байгааг онцлоод эмэгтэй хүн төрийн тэргүүн болбол энэ талаар дорвитой өөрчлөлт гарна хэмээн үзэж  Н.Удвалыг дэмжиж байгаагаа, түүнд  итгэл хүлээлгэж  сонгохоо илэрхийлж байлаа. Тэдний байр суурийг хүргэж байна.

Б.Чулуун: Н.Удвалын таван зорилтыг дэмжье

-Өнөөдөр Монголын нийгэмд  өнгө мөнгөний туйлшрал их байна. Улс төрд үзэл бодлын туйлшрал их болсон. Иргэдийн дунд ядуурал, ялтан хоёр туйлшрал болсон. Залуучуудын дотор архидалт, ажилгүйдэл туйлшрал болсон. Энэ бүхнээс ахмад настнууд бид цөвүүн цаг ирсэн  гэж бодож байгаа. “Ноён хүнээс хонь хариулж яваа хүн дээр”  гэж монголчуудын эртний үг бий. Тиймээс энэ цөвүүн цагт төрийн тэргүүний сонгуульд эмэгтэй хүн өрсөлдөж байгаад талархаж  Н.Удвалыг дэмжиж байна. Тэр эх оронч, шударга ёсны төлөө тэмцэгч хүн. Бид бүгдээрээ эх орноо хайрладаг, ээжийгээ хайрладаг шигээ Н.Удвалыг эх орноо, элгэн түмнээ гэсэн таван зорилтыг дэмжье, эмэгтэй хүнийг сонгоё.

Ж.Төмөртогоо: Иргэдээ үр хүүхэд шигээ санаж халамжлаарай

-Төрийн тэргүүний тав дахь удаагийн сонгууль болох гэж байна. Эхнийх нь дээлээ мялааж, дараагийнх нь титэм үг тэрлэж, гурав дахь нь их өрийг тэглэн, 1000-ны замыг эхлүүлж, “Үдийн цай” нэвтрүүлсэн гээд бас  чиг хийсэн юмтай, дөрөв дэх нь сайхан ярьдаг ийм хүмүүс байсан. Одоо шинэ Ерөнхийлөгч удахгүй тодорно. Улс төр дэх эрчүүдийн өрсөлдөөн, сөргөлдөөн улс орныг туйлдуулж, харсаар байтал нэгийгээ хэлмэгдүүлж, амь насанд нь шахалт дарамт учруулж байгаа хүнд үед эхийн сургаал шиг үнэнийг хэлж, зөвийг уриалж зөөллөх хүн хэрэгтэй байна. Иймд Хан Хэнтийчүүд эмэгтэй хүнийг сонгох нь зүйтэй гэсэн саналтай байгаа.

 Хэрэв та Ерөнхийлөгчөөр сонгогдвол цаазын ялын асуудлыг эргэж хараарай. Саяхан хүргэн нь хадамдаа өш хонзон санаж  нэг гэр бүлийн долоон хүнийг шатааж алсан айшигт хэрэг гарсан. Цаазын ялгүй учраас тэр нөхөр шоронд хоригдох биз. Гэтэл амь насаа алдсан долоон хүний амийг, тэдний эрхийг хэн хамгаалж байна вэ. Үндсэн хууль дахь монгол хүн амьд явах эрхтэй гэснийг үндэслэл болгож цаазын ялыг алга болгож байгаа юм гэсэн. Тэгвэл тэр долоон хүн амьд явах эрхгүй, алуурчин амьд явах эрхтэй байсан гэж үү. Иймд энэ асуудлыг та анхаараарай. Өөр нэг асуудал нь манай улс 40-50 сая толгой малтай. Гэтэл 2.8 сая хүн ам өнөөдөр арван мянга гаруй төгрөгөөр ганц кг мах олж идэж байгаа нь шударга биш байна. Та эмэгтэй хүн, иргэдээ үр хүүхэд шигээ санаж  ядаж өлсч ядрахгүй байх талаас төрийн бодлогод тусгуулаарай.

Б.Хишигням: Тэр сайхан ээж, шударга Ерөнхийлөгч байж чадна

-Би эмэгтэй хүн, эх хүн, бас эмнэлгийн байгууллагад насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан ахмад ажилтны хувьд Н.Удвалыг Ерөнхийлөгч болохыг дэмжиж байна. Нэр дэвшээд манай нутгийн иргэдтэй уулзаж байгаад баяртай байна. Ийм сайхан ээж, үнэнч шударга Ерөнхийлөгчтэй болвол Монгол Улс өөрчлөгдөнө, иргэдийн амьдралд нөлөөтэй, үр хүүхдийн маань ирээдүй өгөөжтэй сайхан болно гэж хүлээж сууна.

Ш.Самдан: МАХН-аас нэр дэвшигчийг дэмжиж байна

-яӨнгөрсөн 20 жилд  эрчүүд төр барьж ирлээ. Дэндүү хатуу, харгис, дарангуйлагч төртэй болсон байна. Иргэдээ энэрэхгүй байна, эмэгтэйчүүдээ халамжлахгүй байна, эрчүүдийн ихэнх  архинд орж,  улс төрд орсон зарим нь бизнес, мөнгө угаах боломж хайж, авлигад идэгдсэн. Ийм учраас өөрчлөлт хэрэгтэй байна. Эмэгтэй хүн л энэ өөрчлөлтийг хийж чадна гэж үзэж, МАХН-аа нэр дэвшигчийг дэмжиж сонгуульдаа оролцоно.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
doko(202.70.46.206) 2013 оны 06 сарын 15

ene udval garlaa yu.*****yum bichih yumsa

0  |  0
zochin(202.126.91.73) 2013 оны 06 сарын 06

Suudal ch duurehgui yadaj baihad ene survaljlagch daapaalaad baina khhhhh

0  |  0
irgen(202.126.91.180) 2013 оны 06 сарын 05

xaxaxaxa hutsdiin udval hentiigees garlaa yu

0  |  0
Luya(67.166.132.70) 2013 оны 06 сарын 05

Udval goridtsiiin Hentiinhen avargaa demjih bailguided

0  |  0
Top