Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг прокурор гаргажээ. Уг нь АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шалгах үндэслэлтэй гэж үзээд прокурорт шилжүүлсэн юм.
2013.4.25. Ардын намын бүлгээс томилогдсон ажлын хэсгийнхэн хэвлэлийнхэнд хандаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар өгөх гэж байгаагаа мэдэгдсэн юм. Тагнуулч мэргэжилтэй Н.Номтойбаярын голлож ажилласан энэ ажлын хэсгийнхэн 17 тэрбум төгрөг халаасалж чадсан Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин, “Говь повер” ХХК-ийн захирал Гэрэлхүүгийн Уянгатай холбоотой байв.
Н.Номтойбаярын батлан хэлснээр Г.Уянга нь Н.Алтанхуягийн хамаатан гэдэг нь хөдөлбөргүй бөгөөд түүний “Говь повер” ХХК нь ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай байснаа нэг л өдөр тэрбум төгрөгтэй болж, үүнээс долоо хоногийн дараа “Эрдэнэс Тавантолгой”-н 17 тэрбумын тендерт ялсан хачин түүхтэй ажээ.
Ардын намын гаралтай УИХ-ын гишүүд Г.Уянгын талаарх мэдээллийг УБЕГ-аас хүсэхэд, Гэрэлхүүгийн Уянга нь Чулуунбаатарын Уянга болж өөрчлөгдсөн байв. Гишүүд УБЕГ-ынхныг ч хамт шалгуулахаар өгч байгаа гэсэн.
Мөн Н.Алтанхуягийн дүү Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга гэж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын дэд даргаар хууль зөрчин томилсон зэрэг нь хуулийн байгууллагад шалгуулах хангалттай шалтгаан гэсэн юм.
2013.5.27. Ардын намын бүлэг дахин сэтгүүлчдэд хандлаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээгээс тэдэнд хариу илгээжээ. Уг хариуд “…эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн байв.
Харин 2013 оны тавдугаар сарын 31-нд прокурорын байгууллага шалгахаас татгалзсан шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Уг мэдэгдлийг авсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр, материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бүртгэлийн бичиг баримттай холбоотой асуудлыг УМБГ-т шалгаж байгаа бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд шийдэх болно гэсэн хариу өгчээ. Дээрх хоёр албан бичгээс үзэхэд, МАН-ын бүлэг үндэслэлтэй асуудал тавьж байсан нь харагдаж байна” гэв. Мөн Н.Номтойбаяр “Энэ хэргийг дуустал явна” гэсэн үгийг дайв. Гэсэн ч прокурорын байгууллагаас Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэснээр 17 тэрбумын тендерийн ноцтой асуудал хаагдлаа.
Хоёр. Дээрх хэргийн эцсийг хүртэл ажихнээ, одоогоос яг нэг жилийн өмнө болсон нэг явдал санаанд буув.
2012.3.22. УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр бүхий албан тушаалтнуудын авлига авсан хэргийн баримтыг АТГ-т өгөв. Олон сэтгүүлч дагуулан, сүр дуулиантай хүлээлгэн өгсөн хэргийн эзэд нь тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар байлаа.Х.Баттулгын баримт, гомдлыг тэр үед АТГ-ын Тамгын газрын дарга, өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Ч.Өнөрбаяр хүлээж авч байв. Х.Баттулгын хувьд сайд Ц.Нямдорж “Энержи ресурс” компаниас авлига авсан гэж үзэн гомдол гаргасан юм.
2012.3.28. Х.Баттулга, гишүүн Л.Гүндалайгаар хүч нэмэгдүүлэн хэд хоногийн өмнө АТГ-т өгсөн материалаа хүлээлгэн өглөө. Тэдний өгснийг УЕП-ын туслах, Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээж авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Долоо хоногийн өмнө “Энержи ресурс” Тавантолгойгоос эзэмшдэг 2.3 хувиа 80 саяар зарсан байгаа. Худалдаж авсан хүмүүс нь бүгд гадныхан. Хэдийгээр Тавантолгойг явуулах гэж байгаа юм шиг зүйл яриад байгаа ч цаанаа “Энержи ресурс” гэх луйвраар хурдан худалдаж дуусгаад, дараа нь Тавантолгойг явуулах сонирхолтой байгаа. Ийм л бодол байгаа. Энэ луйврыг МАН-ын гишүүд хийж байна. Үүнд АН-ын гишүүн Г.Батхүү ч байгаа гэж би ойлгосон. Батж.Батбаяр ч үүнд оролцож байгаад гарсан юм билээ.Бусад нь МАН-ынхан. Тухайлбал, Ц.Цэнгэл, Д.Идэвхтэн гээд нэрийг нь хэлж болно.Тэгэхдээ тэд тухайн луйврын зөвхөн фракцийг бүрдүүлж байгаа гишүүд.Цаана нь жинхэнэ эзэд нь бий. Түүнийг шалгаад өгөөч л гэж хуулийнхнаас хүсээд байгаа юм” гэлээ.
2012.4.3. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гомдлын дагуу “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал, Ж.Од нарыг АТГ-аас дуудаж байцаажээ.
2012.4.6. Үүний өмнөх өдөр нь буюу дөрөвдүгээр сарын 5-нд АТГ-аас Тавантолгойн орд газрыг стратегийн тусгай орд газарт хамааруулах УИХ-ын шийдвэрийг зөрчин Ухаахудагийн тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д шилжүүлсэн байж болзошгүй гэж үзсэн АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэсэн ч, ердөө маргааш нь Нийслэлийн прокурорын газраас татгалзсан шийд гаргасан байна.
2012.4.9 Дээрх хариуг авсныхаа дараа Х.Баттулга “Нэлээд олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг байлцуулж байгаад МоАХ-ны нөхөдтэйгээ хамтраад хэдэн хүний авлигын хэргийг шалгуулахаар АТГ-т өгсөн юм. Гэвч энэ ажлыг Нийслэлийн прокурор дээрээс эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга гээд хааж байна. Засгийн газрын тогтоол, баримттай нь прокурорын газарт өгсөн. Хамгийн тод жишээ бол “Эм Си Эс” компанийн барьсан байшинд УИХ-ын гишүүд, сайд нарын ихэнх нь амьдардаг юм. Энэ нь авлигын асуудалтай байж магадгүй учраас л шалгуулахаар өгсөн юм. Би өөрөө гүйцэтгэх ажил хийж болохгүй. Тиймээс баримтуудыг цуглуулах ажлыг хийсэн. АТГ маш сайн ажилласан. Надад өгсөн бичиг дээр авлигатай байх нөхцөл бүрдсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй боллоо. Яагаад гэвэл Нийслэлийн прокуророос татгалзлаа гэсэн хариуг өгсөн юм.
…Яагаад би дахин дахин яриад байна гэхээр 200-аад жил монголчуудыг тэжээх Тавантолгойн 6.5 тэрбум тонн коксжсон нүүрсний ордыг үнэгүйдүүлсэн байдлаар гэрээ хийсэн хэдхэн хүн байгаа шүү гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ” гэж байлаа.
Гурав. Цаг хугацааны хувьд ганцхан жилийн зөрөөтэй энэ хоёр явдал олон талаараа бага сага зөрүүтэй. Жилийн өмнө АН-ын Х.Баттулга МоАХ, УИХ-ын зарим гишүүнтэй хүч хавсарч байгаад МАН-ын сайд нарын авлигын хэргийг сөхөж үзсэн ч тусыг эс олжээ.
Харин сая МАН-ын тагнуулч гишүүн Н.Номтойбаяр бүлгийнхээ ажлын хэсгийг тэргүүлэн бараг л гүйцэтгэх ажил хийх шахам байж АН-ын Ерөнхий сайдын 17 тэрбумын тендер будилуулсан байж болзошгүй гэх баримт материалыг бүрдүүлэн хуулийнханд өгсөн ч нэмэр болсонгүй.
Гэхдээ энэ хоёр явдалд яг адилхан ганц л зүйл бий. Тэр нь АТГ гомдлыг аваад хэрэг үүсгэх санал гаргасан, харин прокурорын байгууллага шалгахаас татгалздаг. Эндээс үзэхүл Монголын прокурорын байгууллага эрх баригч намын сайдыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалздаг “тангараг”-тай ажээ.
Нөгөөтэйгүүр АН-ын бяртай сайд Х.Баттулга, МАН-ын шазууртай гишүүн Н.Номтойбаяр нар хар чадлаараа зүтгээд ч сайдыг шалгуулж, хэрэг үүсгүүлж чаддаггүйг харлаа. Тиймээс жирийн иргэд, мань мэтийн нөхөд ийм гомдол гаргаж, баримт дэлгэвэл шалгах байтугай, тэдэнд ирсэн шиг хариу бичиг ч өгөхгүй байж мэдэх нь.
Сэтгэгдэл ( 1 )
uneheer l dur esgesen ardchilal shuu yagaad shalgadaggui yum be namdaa tal zasaj eronhiilogchiin songuuliin omno orsdiinhoo buruutaig zarluulna gehees uhtlee aij baigaa bolood l ter shuudee