Намайг цагдаагийн даргаар ажиллаж байхад Б.Бат-Эрдэнэ аваргын шаргуу, уйгагүй хөдөлмөрч зан нь “Хүч” нийгэмлэгт тэнхээ өгч байлаа. Бид хоёр хамт ажиллаж, танилцаж эхэлсэн, түүнийг мэдэх болсоноос хойших цаг хугацааны үнэ цэнийг тодорхойлбол, тэр яах аргагүй сайх бөх. Аваргуудыг ажаад байхад тэнхээтэй, том биетэйдээ бус, толгойгоо маш сайн ажиллуулсан нь амжилт үзүүлсэн байдаг. Б.Бат-Эрдэнэ аваргын толгойг маш сайн ажилладаг толгой гэж боддог. Ялангуяа эгзэгтэй үед бүр илүү ажиллана. Тэр зөв явдалтай, зөв үзэлтэй, зөв төлөвшсөнөөс гадна эвдрээгүй. Элдэв хольцгүй хүн юм.
Монгол чанараа алдаж байгаа өнөөгийн нөхцөлд ийм хүн ихээр үгүйлэгдэж байна. Нөгөө талаараа Б.Бат-Эрдэнэ аварга олон жилийн турш элдэвт нэр холбогдож байгаагүй, нэр, ажил үйлс нь цэвэр, газар шорооныхоо төлөө зоригтой үг хэлдэг хүн. Ийм хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг ард түмэн нүдтэй юм. Тийм учраас би Бат-Эрдэнэ аваргад маш их найдлага тавьж байгаа. Монголын төрийг зөв жолоодох, Монголыг Монголоор нь үлдээх, бидний газар шороог бүтнээр нь үлдээхэд түүний ур ухаан, ноён нуруу хэрэгтэй. Надтай санал нийлдэг, эрт оройд надтай уулзаж учирч байсан, намайг мэдэх хөгшин залуу, хот хөдөөгийн бүх хүмүүст “Бид ерөнхийлөгчөө оллоо, аваргаа оллоо, сайн ерөнхийлөгчтэй болохгүй болбол их юм алдах нь байна шүү” гээд шулуухан хэлчихмээр байна.
Чадах бүхнээрээ дэмжиж өгөөрэй гэж хүсье. Нөгөө талаар Б.Бат-Эрдэнэ туйлширдаггүй хүн. Монгол Ардын Намаас нэр дэвшсэн гээд намын үзэл сурталд автаад суух хүн биш. Шинэчлэлийн төлөө ажиллаж чадах хүн. Мөн аваргыг өвгөд бидний төлөө, хүүхэд залуучуудын төлөө олон зүйлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа залуучуудын бие бялдрын хүмүүжилд их анхаарна. Монгол төрийг авч явна гэдэг бөх байна уу, хуульч байна уу хамаагүй. Ерөөсөө л монгол хүн бүрийн үүрэг. Хэн энэ хэрэгт зүтгэж чадна, тэр хүн л байх хэрэгтэй. Улс төрч гэдэг тусгайлан төрдөггүй шүү дээ. Олны дундаас шалгарсан хүн л улс төрч байдаг. Хүчирхэг АНУ-ыг гэхэд л жүжигчин хүн олон жил толгойлсон. Б.Бат-Эрдэнэ аварга тэсвэр хатуужилтай, сэтгэлийн их тэнхээтэй, зоригтой хүн. Ер нь л монгол хүний бүхий л сайхан чанарыг шингээсэн хүн.
Ерөнхийлөгч болбол тийм зүйл хийгээрэй гэж захихгүй. Яагаад гэвэл би Н.Багабаньд ерөнхийлөгчийн туслахаар дөрвөн жил ажилласан. Ерөнхийлөгч байна гэдэг амаргүй. Төрийн тэргүүн хүн төрд гишгэх байраа өөрөө олоод явчихдаг юм. Б.Бат-Эрдэнэ төрийн тэргүүн болбол өөрийнхөө байр суурийг өөрөө олчихож чадах тийм л хүн. Би аваргын дарга нь байж үзлээ, энгийн харилцаатай ч байж үзсэн. Энэ бүх хугацаанд түүнээс муухай авир, дээрэнгүй үзэл хэзээ ч гарч байсангүй. Харин өвдсөн цагт биеийг минь асуугаад ороод ирдэг тэр аваргыг л би санаж байна.
Сэтгэгдэл ( 0 )