Өнөөдөр 84 мянга орчим хүн “Баянхонгорынхон” гэсэн нэрэн дор амьдарч байгаа билээ. Түүх соёлын өв, дурсгал ихтэй, говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой энэ аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирлээ. Хонгор нутгийн иргэд түүнийг “Нутгийн хүү ирлээ” хэмээн элэгсэгээр хүлээн авав. Учир нь нэр дэвшигчийн өвөг эцэг Баянхонгор аймгаас гаралтай хүн юм. Нутгийн зарим хүмүүс орон нутагтаа “Орвоон дархан” нэрээрээ алдаршсан өвөг эцгийг нь мэддэгээ хэлж байв. Ийнхүү өвөг дээдсийнхээ өлгий нутагт ирсэн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хамгийн түрүүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлгийн хувьд II шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэддээ үзүүлдэг. Техник хэрэгслийн хувьд ч орон нутгийн эмнэлэг ямар байх ёстой тэр жишиг, хэмжээнд хүрчээ.
Гагцхүү хүн хүч, эмч, ажиллагсдын цалин хөлс бага байдгаас болоод хүний нөөцийн бэрхшээлтэй тулгараад байгаа гэнэ. Тухайлбал, чанарын менежер, статистикч эмч зэрэг эмнэлгийн байгууллагад зайлшгүй байх ёстой ажлын байранд ажиллах хүчний дутагдалд оржээ. Мөн орон нутагт ажиллах эмч, ажилчдад урамшуулал, нэмэгдэл олгох эрх зүйн акт байдаггүй юм байна. Тийм учраас энэ тал дээр хуульч хүнийхээ хувьд болон Ерөнхийлөгчөөр сонгогдоод анхаарч өгөхийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, албан хаагчид түүнээс хүсч байв.
“Сэтгэл шингээгүй ажил амь, сүнсгүй байдаг”
Энэхүү онч үгийг Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын хананд хаджээ. Эндээс үзвэл, баянхонгорчууд ажилд сэтгэлээсээ ханддаг хөдөлмөрч улс юм. Басхүү аливаад сэтгэлээсээ ханддаг, ам ажил нь зөрдөггүй хүнд таатай ханддаг бололтой. Тус театрт “Ам, ажлын нэгдлийг хангаж ажиллана” гэсэн уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Б.Бат-Эрдэнэ иргэд, сонгогчидтойгоо уулзсан нь аль аль талынхаа сэтгэлд нийцсэн уулзалт болов. Хүмүүс ч их иржээ. Тэд “Өчигдөр нэр дэвшигч Ц.Элбэгдорж ирээд юманд туугдсан аястай хоёр цаг ч хүрэхгүй хугацаанд саатаад буцсан. Харин аварга маань бүтэн өдрийг бидэнтэй өнгөрүүлэх нь” хэмээсээр угтав.
Баянхонгор ашигт малтмалын лицензийг замбараагүй олгосны уршгаар байгаль экологийн хувьд хамгийн их хохирсон аймгуудын нэг болжээ. Нутагт нь ашигт малтмал олборлосон уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ хийгээгүй орхисон жишээг ч иргэд олныг хэлж байна лээ. Жишээлбэл, АН-аас сонгогдсон Засаг дарга Д.Жаргалсайхан, ИТХ-ын дарга Д.Ширмэн нар уул уурхайн компани болон хувьдаа мөнгөн усны тээрэм ажиллуулж байсан талаар өгүүлж байв. Түүнчлэн аймгийн даргынх нь эзэмшлийн компани олборлолт хийсэн газраа одоо хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй байгааг онцолж байлаа. Түүнчлэн мөнгөн ус алдагдсан тохиолдол ч хэд хэд гарсан талаар нэр дэвшигчид хэлж байв.
Энэ талаар нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “УИХ-аас “урт нэртэй” хууль батлагдсанаар Монгол Улс даяар 7000 гаруй лиценз олгосон байсны 50 гаруй хувийг нь цуцалсан нь бодит үнэн. Үүнээс өмнө ашигт малтмалын лиценз хар захын наймааны хэрэглүүр болоод байсан. Бид үүнийг зогсоож, лицензийн тоог 3000 болгож чадсан. Өөрөөр хэлбэл, бидний санаачлан батлуулсан “урт нэртэй” хуулийн хүрээнд лицензийн тоог 3000 болтол цөөрүүлж чадсан. Гэхдээ үүнийг уул уурхайг бүхэлд нь хаана гэсэн үг гэж битгий ойлгоорой. Үндэснийхээ үйлдвэрийг дэмжинэ. Гаднын хөрөнгө оруулалт Монгол Улсад ашигтай байх бодлогыг баримталж ажиллана. Төрийн буруу бодлогын үр дүнд бидний ахан дүүс “нинжа” хэмээн нэрлэгдэж, ад үзэгдэх болсон. Энэ хүмүүсийг ажлын байраар хангаж, байгаль орчинд халгүйгээр хууль ёсны дагуу үйлдвэрлэл эрхлэх боломжийг нь олгох ёстой” гэсэн нь олон хүний сэтгэлд нийцэв.
Баянхонгорт цөөнх нь олонхио дарангуйлдаг
Баянхонгор аймгийн хүн амын цөөнгүй нь МАН, МАХН, АН, ИЗНН-ын гишүүнчлэлтэй гэнэ. Энэ утгаараа намчирхаж, талцах үзэгдэл цөөнгүй тохиолддог аж. Сүүлийн үед энэ байдал даамжрах тал руугаа орж байгаа талаар зарим намын гишүүд харамсангуй өгүүлж байв. УИХ болон орон нутгийн сонгуульд АН ялсан нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг бусад намын гишүүд, дэмжигчдийг хавчин гадуурхах үндэслэл болсон гэнэ. Уг нь аймгийн иргэдийн олонхи нь аливаа намын гишүүнчлэлгүй юм байна. Гэвч тэдний хувьд салхи хаашаа эргэнэ, тийшээ хошуурч байдаг идэвхгүй олонхи буюу “дэмжигчид” гэсэн албан бус статустай гэдгийг зарим хүн онцолж байна.
Нэг үгээр хэлбэл, энэ аймагт төрийн бодлого хэрэгжихдээ эрх баригч намын гишүүдэд ашигтай байдлаар хэрэгждэг болжээ. Үүнийг идэвхтэй цөөнх буюу эрх баригч намын гишүүд нь идэвхгүй олонхи буюу бусад иргэнээ дарангуйлсан хэлбэрийн ардчилал тогтсон гэж тэд дүгнэв. Тиймээс сүүлийн үед Монголын улс төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий нэвтрээд буй намчирхаж, талцах үзэгдлийг арилгах зорилго дэвшүүлсэн МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг олон намын төлөөлөл дэмжихээ илэрхийлж байсан юм. Харамсалтай нь тэд үгээ ил тод хэлэхийг хүссэнгүй. Учир нь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө ажил үйлс нь бүтэхгүй байх вий гэхээс Баянхонгор аймгийн иргэд эмээж байна лээ. Нэр дэвшигч иргэдтэй уулзсаныхаа дараа “Ганбогд” худалдааны төв, “Есөн-Эрдэнэ” захаар орж, худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм. Тэрээр лхагва гаригт Говь-Алтай аймагт ажиллана.
Сэтгэгдэл ( 4 )
Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр Удвалыг дэмжинээ
man-ynkhan ardchilald durguy ardchilal geji yu baikh yostoig oilgokh khuselguy murtluu yun zuw buruu ardchilal yariad baina aa
ЭНЭ БОЛ УЛС ТЕРИЙН СОНГУУЛЬ БИШИЙГ ОЙЛГООГУЙ ХУН БАЙДАГ ЮМ БАЙНА ЯМАР ЕРЕВДЕЛТЭЙ ВЭ?!УЛС ТЕРИЙН СОНГОЛТ ЧИНЬ УИХУРЛЫН СОНГУУЛЬ.
ТӨРөөс зайлах цаг нь болсон намаас нэр дэвших хүнгүй болсоноос нэр хүндийг нь бодож арга ядахдаа аврагаа илгээлээ .Үүний зөв бурууг ард түмэн мэднэ.Нэ бол наадам биш Улс төрийн сонголт учир яаж сонгохоо ард түмэн мэднэ