С.Баярцогтыг яагаад шалгахгүй байгаа юм бэ, Н.Удвал сайд аа?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Завханыхан бухимдалтай байна. Тэд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болмоор байна гэлээ

        Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал Завхан аймагт ажиллаж байна. Нэр дэвшигчийг тус аймагт хүрэлцэн ирэх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирнэ гээд  орон нутгийн удирдлагууд  нь түүнийг хүлээж авах ажилдаа гарчихсан байв. Аймгийн нийт иргэдийг Ерөнхийлөгчийн уулзалтад хамруулахын тулд ажлаасаа чөлөө ав, 10 мянган төгрөг өгнө гэсэн мессеж “нисч” байлаа.  Харин нэр дэвшигч Н.Удвалын иргэдтэй хийх уулзалтад МАХН-ын дэмжигчид, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучууд ирсэн байлаа. Тэд “Монгол Улсад анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь сонирхолтой, дээрээс нь Н.Удвал сайдыг ойроос харах гэсэн юм, эмэгтэй хүн болохоор бидний асуудлыг сонсоно гэсэндээ зорьж ирлээ” гэж байв. Ингээд иргэд нэр дэвшигч Н.Удвалд өөрсдийн бодит байдлыг ямар нэгэн нэмэр хачиргүйгээр ийнхүү ярилаа.

        Иргэн Б.Энхбат, “Завхан аймагт ажилгүйдэл, ялангуяа шинэ боловсон хүчин ажлын байртай болж чадахгүй байна. Ажилд оръё гэхээр авлига нэхдэг, ажилгүйдлийг дагаад архидалт хэрээс хэтэрсэн.  Тиймээс Монгол Улсыг архинаас салгаж өгөхийг таниас хүсч байна. Монгол Улсад хууль алга.  Нөгөө УИХ-ын гишүүн С.Баярцогт эх орныхоо нэрийг худлаа гэж бичсэн, мөнгөө нуусан асуудлыг яагаад хууль хяналтынхан шалгахгүй байгаа юм бэ. Ахмадуудын амьдрал маш хүндэрсэн. Өнөөдөр мах, гурилаа  бид хэрэглэж чадахаа больсон. Хонийн мах 9000 төгрөгт хүрчихсэн. Хөдөөний бид ийм өндөр үнээр махаа худалдаж авч байхад хотынхон махаа авч идэж чадахаа больсон гэдэг нь үнэн байна. Өнөөдөр  Үйлдвэр, хөдөө аж ахуй сайдаар Х.Баттулга ажиллаж байгаа цагт махны үнэ буурна гэдэг худлаа. Энэ асуудал бага юм шиг сонсогдож байгаа боловч өргөн хэрэглээний барааны үнэ иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмж байгаа. Мөн бид санал тоолох хар машинд ч итгэхгүй байгаа” хэмээн ярилаа. Ийнхүү нэр дэвшигч Н.Удвалын уулзалтын дараа нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сурталчилгаа Завхан аймагт үлээвэр найрал хөгжмийн эгшигтэйгээр, сүр дуулиантай эхэллээ.

 Т.ЗАЯА

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.150) 2013 оны 06 сарын 05

Эгэл жирийн малчны гэр бүлд төрсөн Удвалыг уухайлан дэмжих нь зүйтэй удам угшил сайтайг зам мөр цагаан дажгүй эмэгтэй шударга бас. Шударга байхдаа хүчтэй шударга бусыг өөрчлөөд өгөөрэй Удвалаа амжилт хүсье

0  |  0
зочин(203.194.114.150) 2013 оны 06 сарын 05

Хүүхнүүд нам харгалзахгүй Удвалыг дэмжинээ

0  |  0
Top