Засагт ханы хөх харчууд Н.Удвалыг дэмжих хөдөлгөөн байгуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшиж  Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж яваа Нацагийн Удвалыг алтайчууд 100 хувь дэмжихээ  илэрхийлжээ. Сонгуулийн насны эрэгтэйчүүд нь “Засагт ханы хөх харчууд  Н.Удвалыг дэмжинэ”  хөдөлгөөн байгуулсан бол  төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэйд эмэгтэйчүүдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж, түүний төлөө  саналаа өгөх уриалга гаргасан байна.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал иргэдтэй уулзахдаа хэлсэн үгэндээ Говь-Алтай аймаг усны хагамж муутай, хөрсний бохирдол их байдаг. Ийм учраас хоол боловсруулах эрхтэний өвчлөл хамгийн өндөр байдгийг онцлоод хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээ илэрхийлсэн байна. Говь-Алтай аймагт архидалт, ажилгүйдэл, ядуурал газар авсан. 2009 оны зуднаар малаа барж, хотоо харлуулсан иргэд сэтгэл санааны гутралд орсон нь  ч цөөнгүй. Эрчүүд муудаа  архи уугаад байгаа юм биш. Харийн бодлого, бусад асуудал байгаа нь нууц биш. Иймд энэ аюулыг арилгахаа МАХН-аас нэр дэвшигч амласаныг Говь-Алтайн иргэд халуун дотноор хүлээн авч дэмжиж байна.

 

 

         Мөн Говь-Алтайн иргэд, сонгогчид МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар ихээхэн асууж, эрүүл мэндэд нь санаа зовж байгаагаа дамжуулж өгөхийг хүсчээ. Тэд Н.Энхбаярыг барьж хорьсон асуудлыг 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр ядаж гутлыг нь өмсгөж, дээлийг нь нөмрүүлээд аваад явдаг байсан бол  XXI зуун ардчиллын үед улам  харгис хэрцгий болсон хэмээн үзэж эсэргүүцэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. Ялангуяа өндөр настнууд  туулсан амьдралдаа үзээгүй юмыг үзлээ, үр хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл зовж байна хэмээн ярьж байна. Сонгуулийн тухайд Говь-Алтайн иргэд харьцуулсан дүгнэлт хийгээд амжжээ. Тухайлбал,  эмэгтэй хүн нэр дэвшиж, сурталчилгаагаа ажил хэрэгч байдалд цэвэр хийж байгаад талархал дэвшүүлсэн байна. Мөн зарим нэр дэвшигч мөнгө их цацаж, нисдэг тэрэг хөлөглөн яаруу давчуу уулзалт хийхдээ иргэдийнхээ үгийг сонсохгүй байгааг шүүмжлээд хөөрөх бус хөрсөндөө буух хэрэгтэйг онцолжээ. Мөн Н.Удвал таван зорилтоо, яагаад нэр дэвшсэн шалтгаанаа тайлбарлан таниулж яваа бол бусад нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө  нарийн танилцуулахгүй бүрхэг зүйл ярьж байгаад, мөн бусад сумаас сонгогч иргэдийг машинаар зөөж хурал цуглаанд оролцуулж дүр эсгэж байгаад  сэтгэл хангалуун бус үлдсэнээ  иргэд, сонгогчид илэрхийлсэн байна.

 

 

Эцэст  нь тэмдэглэхэд Н.Удвалыг шударга ёсыг тогтоож чадна гэдэгт алтайчууд эргэлзэхгүй байна. Тэрээр сургуулийн жижиг зааланд уулзалтаа хийсэн ч иргэд идэвхтэй цугласан байна. Говь-Алтай аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч  Нацагийн Удвалыг намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, мөн тус намын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ тэргүүтэй төлөөлөл дагаж яваа юм.  Тэд өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаад маргааш Баянхонгорт ажиллах юм байна.

 

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top