Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй анхны эмэгтэй Н.Удвалын арван жилийн найзууд, нэг ангийхантай хөөрөлдлөө. Тэд ангийн андынхаа тухай ингэж ярьж байна.
С.Гонгорсүрэн: Манай Удвал Ерөнхийлөгч байж чадна
-Н.Удвал манай ангийн сурлага сайтай, сэргэлэн цовоо охидын нэг байсан. Хүүхэд байсан болохоор тэр үед айхтар дүгнэж цэгнэж байсангүй. Одоо бодоход хөдөлмөрч, хичээнгүй хүүхэд байжээ. Биднийг буруу зөрүү үймж шуугиж байхад номоо л уншиж сууна, их томоотой. Үг хэлэхээрээ их зөв дуугарна. Тийм болохоор манай ангийнхан аливаад амыг нь их харна. Багын удирдан зохион байгуулах авьяастай, дандаа дарга хийдэг охин байсан юм. Хөдөлмөр зусланд явахад нөхдөө хошуучилдаг ажилсаг гавшгай хүүхэд байлаа. Өглөө эрт босч нуурын захад очиж гэзэг үсээ самнаж гял цал болчихоод биднээс өмнө адуу малыг нь хураагаад ирчихсэн байдаг байсан шүү. Аравдугаар ангиа төгсөөд дээд сургуульд ороход хичээлдээ сайн байсан болохоор нэг их зоволгүй орсон. Сүүлд эрдэмтэн, доктор, Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн сайд болсон. Өнөөдөр төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшээд явж байгаад нэг ангийн тоосонд бужигнасан ангийн найзууд, нэг сургуульд мөр зэрэгцэн суралцаж төгссөн нөхдийн зүгээс баяртай байна, Н.Удвалыгаа дэмжих хөдөлгөөнийг ч энд тэндгүй идэвхтэй байгуулж байна. Манай Н.Удвал Ерөнхийлөгч байж чадна гэж бид үзэж байгаа.
Ч.Дашаахүү: Эмч болно гэхэд нь зохиолч болоосой гэж боддог байсан
-Бид хоёр нэг ширээнд тохой нийлүүлэн сууж сургуулиа төгссөн, нэг ширээнийхэн байгаа юм. Хичээлээ тараад их төлөв хамт явна. Гэрт нь байнга очно. Цуг хичээлээ давтана, тоглоно. Багаасаа удирдан зохион байгуулах авьяастай, эмч болно гэж ярьдаг охин байлаа. Есдүгээр ангид байхад олгой дотроо хагарч үхэх шахсан. Түүнээс хойш эмч болно гэж ярьдаг болсон доо. Тэр зорилгодоо ч хүрч сайн эмч болж сүүлдээ эмнэлгийн дарга, сайд болж дэвшсэн.
Ер нь манай ангийнхан бүгдээрээ сайн яваа шүү. Нэг ангийн 36 хүүхдээс 16 нь эмэгтэй, тэр дотроос сурлага, урлаг, спортын бүхий л төрөлд толгой цохьдог нь манай Н.Удвал байсан юм. Манай ангийнхан эв нэгдэл сайтай, бидэн шиг нэг ангийхан манай үеийнхэн дотор байхгүй. Аравдугаар анги төгссөнөөс хойш бие биетэйгээ үргэлж холбоотой байж, баяр, гунигаа хуваалцаж ирсэн. Ангийн багш маань Магван гэж хүн бий, одоо нас сүүдэр 83 хүрч байгаа. Манай Н.Удвалын байнга дэмжигч нь дээ. Хурал цуглаан болоход багш биднээс түрүүлээд оччихсон байдаг юм. Манай Н.Удвал зохиолч баймаар авьяастай. Тийм болохоор зохиолч болох байх гэж боддог байсан. Арван жилд байхдаа шүлэг бичдэг байсан юм. Надад зориулж, нэг ширээний анддаа гээд гоё шүлэг бичсэнийг манай ангийнхан цээжилчихсэн. Тэр үед төгсөх ангийнхан таван төгрөгний зузаан дэвтэрт дурсгалаа үлдээдэг байлаа. Миний дурсамжийн дэвтэрт манай Н.Удвал “Миний найз хов зөөж, ил магтаж, далд хов зөөгчөөс холуур тойрч яваарай. Эд бүгд бол хүнийг давалгаа ихт далай руу хальт гишгүүлэхээс буцдаггүй юм шүү. Насныхаа ханийг сонгохдоо махнаас нь цус, яснаас нь тос гартал судалж байж сонгоорой” гэсэн мөрүүд бичиж өгсөн. Би түүнийг нь мартдаггүй. Бараг тэр дагуу нь найзынхаа хэлснээр амьдралын ханиа сонгож байлаа.
Я.Сумъяасүрэн: Уншаад ойлгохгүйгээ Удвалаар яриулж ойлгодог байлаа
-Манай Н.Удвал ангидаа төдийгүй сургуульдаа тэргүүний сурагч байлаа. Одоо ч ажиллаж байгаа салбартаа, хамт олон дотроо үргэлж шилдэг нь байж тэргүүн эгнээнд явж нөхдийнхөө талархалыг хүлээж байна. Багаасаа аливаад шударга, зарчимч хүүхэд байлаа. Хичээлээ давтахад бидэнд бүгдийг нь яриад өгчихнө. Уншаад ойлгохгүй хичээлээ Удвалаар яриулж ойлгодог байлаа. Манай ангийнхан бүгдээрээ сайн яваа. Бидний дундаас Монгол Улсын генерал төрсөн. Мөн гурван хурандаатай анги байгаа юм. Их эмч, эдийн засагч, гавьяат багш, инженер олон бий.
Найзыгаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад манайхан бүгдээрээ баяртай байгаа. Үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөддөө дамжуулан хэлж, дэмжиж саналаа өгөх хөдөлгөөн өрнүүлсэн. Ер нь манай ангийнхан төдийгүй архангайнхан бүгд баяртай байгаа шүү.
Сэтгэгдэл ( 0 )