Монгол түмний үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ жилийн наадам өмнөх жилүүдээ бодоход томоохон хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаараа онцлог. Нэг ёсондоо урьд өмнө нь төсөвлөгдөж байгаагүй буюу 50.3 тэрбум төгрөгөөр энэ жилийн наадмыг зохион байгуулахаар болсон нь олны анхаарлын төвд орж, ярианы гол сэдэв болж байна. Уг нь энэ мөнгөөр арван сургууль, 100 цэцэрлэгийг өлхөн барих хэмжээний мөнгө. Гэтэл эрх баригчид жилд ганц удаа болдог, дэлхийд хосгүй баяр гэдэг шантаажаар ийнхүү “тансаглах” гэж байна. Манайхан наадмын дараа намар гэдэг. Удахгүй сургууль,цэцэрлэгийн хичээл эхэлнэ. Сургуулиуд сурагчдаа багтааж дийлэхгүй, зарим нь гурван ээлжээр хичээллэж, хүүхдүүд нэг ширээнд гурвуулаа шахдалцан сууж байна. Цэцэрлэгийн нэг анги гэхэд л 20 хүүхэдтэй байхаас ачаалал нь гурав дахин нэмэгдэж 60 хүүхэд болсон үе. Хотоос алдлагдмал гэр хорооллын дунд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн байр дутагдалтай байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт арван жилйин сургууль цөөн байдгаас зарим хүүхэд 4-8 км алхаж сургуульдаа хүрдэг. Мөн гурван автобус дамжин хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг тухай эцэг эхчүүд гомдоллож байсан. Тэгвэл энэ жилийн баяр наадамд төсөвлөсөн мөнгөөр 100 цэцэрлэг, эсвэл арван сургууль мөн өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэстэй хорооны нэгдсэн байр 100 орчмыг барих боломжтой.
Эрийн гурван наадмын бодит үйл ажиллагаанд 3,4 тэрбумын хөрөнгийг зарцуулахаар төсөвлөсөн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дөрөв дахин өссөн. Гэвч үүгээр дуусахгүй. Нийт төсөвлөгдсөн хөрөнгө нь 50.3 тэрбум. Үүний 40 орчим тэрбумаар нь Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тэр их мөнгөөр ордон барьж, морио дотор нь уралдуулах юм байх гэтэл үгүй аж. Хавь ойрынх нь хамаг газрыг цементэлж авах юм гэнэ. Тэгээд уралдах морьдынхоо туурайг тахлахгүй бол монгол морь цементэн дээр явж сураагүй учраас халтирч унаад байх болов уу гэсэн урьдчилсан таамаг байгаа юм байна. Эко хавтангаар хангаж чадахааргүй байна.
Хавтан хэрэгтэй нэрээр Хятадын эдийн засгийг дэмжинэ
Зуун найман автобусны зогсоолыг эко хавтангаар байгуулахаар төлөвлөжээ. Гэвч хавтан нийлүүлэх үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа гэнэ. 20 га талбайд эко хавтан дэвсч наадамчдын зорчих хэсгийг байгуулахад 4,5 тэрбум төгрөгөөр 700 мянган хавтан авах шаардлагатай байгаа бөгөөд одоогоор 10 мянган хавтан л байгаа гэсэн. Үлдэх 690 мянган хавтанг хятадаас оруулж ирэх үү, тэдний халаасыг түнтийлгэх үү бүү мэд. Ер нь ч тэгээд манайдаа байгаа цөөн хэдэн үйлдвэрээ хүлээнэ гэвэл энэ жилийн наадмаар лав ажлаа дуусгаж амжихгүй юм билээ. Ийм л үлгэр ярьцгааж байна. Эко хавтан нь ам метртээ 12,5 ширхэг ордог бөгөөд энэ нь 125 килограмм жинтэй аж. Үнэ нь 17,5 мянган төгрөг гэнэ.
Засгийн газар 50 тэрбумаар биш нэг тэрбумаар зохион байгуулна гэв
Баяр наадам зохион байгуулах зардлын талаар Ерөнхий сайд мэдээлэхдээ Үндэсний их баяр наадмыг 50 тэрбум төгрөгөөр зохион байгуулна гэсэн ташаа мэдээлэл тарсныг залруулсан юм. Жилийн жилд 1 тэрбум орчим төгрөгөөр урсгал зардал гаргаж наадмаа зохион байгуулж ирсэн, энэ жил ч мөн энэ жишгээр хийнэ гэж Засгийн газрын тэргүүн хэлээд наадмын төсвийг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар батална.
Хүй долоон худаг Монгол наадмын төв болгох учир хөрөнгө оруулалтын ажлууд ч гол төлөв Хүй долоон худагт хийгдэнэ. Тухайлбал, 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбай байгуулна, 361-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл найман км автозам шинээр тавих ажил эхэлсэн. Эдгээрт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ мэт бүтээн байгуулалтад зарцуулах 50 гаруй тэрбум төгрөгийг энэ жилийн наадмын төсөв мэтээр ойлгуулсан хүмүүстэй арга хэмжээ тооцох ёстой гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )