Харийн нутагт суугаа Монгол ахан дүүстээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07
Эх орноосоо алсад суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ
Та бүхэн минь хотол олноороо тавтай сайхан зусч байна уу?
 
Бидний өвөг дээдэс морин дэл дээрээс дэлхийн талыг нэгтгэж даяаршлын үндсийг тавьсан морьтон баатрууд. Шинжлэх ухааны үндэслэлтэй бурхны сургаалийг түгээсэн эрдэмтэн мэргэд. Бид дээд тэнгэрээс заяат төрсөн өнө эртний түүхтэй агуу үндэстний үр сад билээ.
 
Бид нутаг сэлгэн өвсний шимийг сорлодог нүүдэлчин ардын удам, сумын төвөөс барууны ертөнцийг зорьсон залгамж үе. Бид харийг зорьж юм үзэж нүд тайлах нь төлөвшиж хөгжихийн суурь гэж сургадаг ард түмэн билээ.
 
Та бүхэн хүний газар хөлөө олж, ажиллаж амьдраад зогсохгүй голомтоо сахиж үлдсэн мянга мянган өрх бүлийг тэжээн тэтгэж, олон хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байгаа нь үнэн юм. Харь газар ном үзэж буй сэргэлэн цовоо охид хөвгүүдээ харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Та бүхний эрч хүч, эрмэлзэл, тэмүүлэл эзэн Чингисийн үр хойчийг дэлхийд таниулж байгаа гэдэгт би итгэдэг.
 
Та бүхэндээ талархалаа илэрхийлье.
 
Миний бие Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” уриатайгаар сонгуульд өрсөлдөж байна.
 
Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ард түмнээ сэтгэл амгалан, тэгш дүүрэн амьдралд хөтлөх; эдийн засгийн зөв бодлогыг дэмжих замаар улс орноо хөгжүүлэх; газар нутаг, онгон байгалиа хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, эх орныхоо баялагийн үр шимийг ард түмэндээ тэгш шударга хүртээх; төрийн үйлчилгээг ард иргэддээ чанартай хүргэх, хууль, шүүхийг хүн бүрт тэгш шударга үйлчилдэг болгох; гадаад харилцааг тэнцвэртэй, найрсаг байлгах, ардчиллыг бэхжүүлэх, үндэсний онцлогоо дээдлэх үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь Ерөнхийлөгчийн эрхэм үүрэг мөн гэж үзэн энэ бүхний төлөө ард түмэнтэйгээ хамтран ажиллахыг мөрийн хөтөлбөрийнхөө гол үзэл санаа болголоо.
 
Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, нарийн мэргэжил, өндөр чадвар эзэмшсэн иргэдээ эх орондоо ирж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн хууль санаачлан батлуулахын төлөө ажиллана. Мөн дотооддоо оюутан залуус үндэсний тэтгэлэгт хамрагддагийн адил гадаадад сурч байгаа оюутнууд маань ч гэсэн тэтгэлэгтэй байх ёстой гэж би боддог.
 
Монгол улсад Үндсэн хууль болон бусад хуулийн үзэл санаа, үг үсэг бүрийг чандлан сахиж, эх орон, ард түмнийхээ, эрх ашгийг оройлон дээдлэж, тэдний эв нэгдлийг ханган, хууль, шударга ёсыг алагчлалгүй хэрэгжүүлж, авлига хээл хахуулийг үндсээр нь таслан зогсоож, ам, ажлын нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий.
 
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхашгүй бат бэх байлгаж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, улсынхаа батлан хамгаалах хүч чадал, хөгжил цэцэглэлтийг баталгаатай хангахын төлөө энэ биеийг огоорон ажиллана.
 
Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг арилжихгүй. Би худал амлахгүй, хуурч мэхлэхгүй, дүр эсгэхгүй. Би намчирхахгүй.
 
Эрх мэдэлтэй нь бус их хөдөлмөрлөсөн нь баяжих ёстой.
 
Миний бие хууль бус бусармаг явдалд хутгалдаж байсангүй. Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр.
 
Хүчирхэг Монголын төлөө та бүхэнтэйгээ хамтран зүтгэе.
 
Та бүхнийг минь төрсөн нутгийн тань уул ус, төрийн алтан сүлд өнөд ивээж, ажил амьдрал тань амгалан жаргалантай, өөдрөг байг! 
 
Хүндэтгэсэн

БАДМААНЯМБУУГИЙН БАТ-ЭРДЭНЭ

                                                           

(Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fhjj(125.149.112.79) 2013 оны 06 сарын 07

songuul bolhor gadaadad bga humuse boddog ta nartai ta nargui bollool bn zail ztsaasha

0  |  0
stpd(97.113.107.173) 2013 оны 06 сарын 07

ard tumnii xairtai box xeveeree uldvel yasan um be?

0  |  0
Top