Баянхонгорчууд нам харгалзахгүй Н.Удвалыг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал дөнгөж сая Баянхонгор аймгийн иргэдтэй Хөгжимт драмын театрт нь уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Аймгийн иргэдийн олонхи нь эмэгтэй нэр дэвшигчийг  дэмжиж байна. Хонгорт нутагт ажилгүйдэл, ядуурал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тэр дотроо өрх толгойлсон эмэгтэйчүүд 430 гаруй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 370 бий. Ажлын байр олдохгүй амьдрал хүнд байгааг анхаарахыг иргэд  нэр дэвшигчээс  хүслээ.  Залуучууд, сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн шинэ боловсон хүчнүүдэд ажлын байр олдоогүй. Нэн ялангуяа намын харъяалал хүчээ авч, АН дийлэнх олонхи болсноор  халаа сэлгээ явагдаж олон хүн ажилгүй болсонд сэтгэл дундуур байгаагаа  баянхонгорчууд ярилаа. Арван эмэгтэй тутмын тав нь нөхрөөсөө салсан, архидалт, хардалт гээд олон янзын шалтгаанаар гэр бүл салалт өндөр хувьтай байгааг хүүхнүүдэд эмэгтэй нэр дэвшигчид аминчлан ярьж, арга хэмжээ авч өгөөч, энэ чиглэлд хамтарч ажиллая гэхчлэн хандаж байна.

 

         Баянхонгорчуудын сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал нь мөнгөн ус, цианит натри алдагдаж байна хэмээн уулзалтын үеэр иргэд онцоллоо.

Хамгийн сүүлд л гэхэд аймгийн төвд дөрвөн удаа мөнгөн ус алдагдсаныг тэд хэлж байна. Худалдаа, үйлчилгээний төв зах дээр мөнгөн ус алдагдаж бага насны хүүхэд хордсонд иргэд түгшиж байна. Хүнс, бараа гээд бүхий л зүйлээ иргэд энэ захаасаа авдаг учраас эрүүл мэнд аюулгүй байдал түгшүүртэй байдалд орсныг, мөн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах хүсэлтэйгээ  байна. Ингээд МАХН-аас нэр дэвшигчийг Та  бол нэгд нэр дэвшигч, хоёрт Эрүүл мэндийн сайдын хувиар анхаарал хандуулаач  гэжээ. Баянхонгорт АН-аас бусад намын харъяалалтай хүмүүс ажлын байртай болж чаддаггүйг  олон  хүн шүүмжилжээ.

 

         Аймгийн эмэгтэйчүүд Н.Удвалыг нэр дэвшигчийн батламж үнэмлэхээ авсан цагаас эхлэн түүнийг дэмжих хөдөлгөөн байгуулсан байна. Цаашид ч нам харгалзахгүй Н.Удвалыг дэмжихээ илэрхийлсэн иргэд нэгдэж холбоо байгуулж байгааг хэллээ. Мөн иргэдийн дунд мөнгөн усгүй амьдаръя хөдөлгөөн өрнүүлж байна. МАХН-аас нэр дэвшигчийг   мөнгөн ус юунаас болж алдагдав, хэн хариуцлага алдав гэдэг талаас болон арга хэмжээ авахад  анхаарч ажиллахыг хүслээ.

МАХН-аас нэр дэвшигч Баянхонгороос Өвөрхангай аймаг орохоор замдаа гараад байна. 

 

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top