Нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-аас баталсан билээ. “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхоныг 5 байршилд барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний байрыг Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууц байна гэж төлөвлөжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Удирдлагын зөвлөл”-ийн гишүүдэд танилцууллаа. Айл өрхийг түр суурьшуулах зорилгоор барьсан энэхүү 15 давхар 2 хос барилгын хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том нь 37,3 метр квадрат юм байна. Түрээсийн байранд амьдрах иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн амьдрахаар тооцож байгаа бөгөөд цахилгаан, усны төлбөр гээд одоогийн мөрдөгдөж байгаа тарифаар тооцоход хамгийн том өрөөг түрээсэлж байгаа иргэн сард 92 мянган төгрөгийн зардал төлөх тооцоо гарсан байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, гачигдалтай иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан гээд нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн 75 хувийг ахмад настан, 20 хувийг гачигдалтай иргэн буюу хөгжлийн бэрхшээлтэй, цалингаас өөр орлогогүй төрийн үйлчилгээний албан хаагч, залуу гэр бүл, 5 хувийг гал, үер гэх мэт хүчин зүйлээс болж орон гэрээ алдсан иргэдэд зориулахаар төлөвлөж, журам боловсруулсан байна. Журамд ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгохдоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн өргөдлийн дарааллыг баримтлана гэж тусгасан байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо. Захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс, сонгон шалгаруулах журмыг батлах юм. Мөн ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр түрээслүүлэх гэрээний загварыг батална. Ахмадын орон сууцны эхний байр болгохоор төлөвлөж байгаа Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууцанд орох ахмад настан, иргэдтэй холбогдох журмын дагуу гэрээ байгуулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )