Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг нийтэллээ. Хуулиар эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ, хэрэглээний үнийн индексийн дундаж төвшин, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, өсөлтийн хэмжээ, төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ ямар байх зэргийг баталж өгсөн байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ямар агуулгатай зүйл, заалтыг нэмсэнийг эмхэтгэлийн энэ удаагийн дугаараас мэдэх боломжтой. Үүнд, Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө нь ямар эх үүсвэрээс бүрдэх, хөрөнгийг ямар арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах зэргийг хуульчилж өгсөн байна.Тухайлбал, тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого, дотоод, гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн хөрөнгөөс эх үүсвэр нь бүрдэх бөгөөд монголын түүх, хэл, соёл, зан заншил, уламжлалт мэдлэг ухааныг судлах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох, монгол судлалын үйл ажиллагааг дотоод, гадаадад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгаруулах, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг санхүүжүүлэхэд зарцуулах ажээ.
Эмхэтгэлийн дугаарт, Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Үүнээс гадна Төрийн захиргааны зарим албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн нийтлэв.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх журам”- ыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Ийнхүү журамд, хэлцэл хийхээр зөвшөөрөл авах хүсэлтээ хэнд, хэрхэн гаргах, тэрхүү хүсэлтийг хүлээн авч, хэрхэн хэлэлцэн шийдвэрлэх, гаргасан шийдвэрээ хэрхэн мэдэгдэх зэргийг журамласан байна.

Засгийн газрын дараагийн тогтоолоор, Худалдан авах ажиллагааны хүний нөөцийг 2013-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлыг зохицуулжээ. Хөтөлбөрийн зорилго юу байх, хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн 2 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэхийг тодорхойлсон байна. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг тодорхойлж өгчээ.
 
                                                       Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top