МАХН-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Өчигдөр төмөр замын Соёлын ордонд МАХН-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Зөвөлгөөнд МАХН-ын гишүүд, Монгол улсын 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн МАХН-ын үүрийн дарга нар мөн УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал нар оролцож Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын явцын талаар тайлан тавьж хэлэлцэв. 15 цагаас эхэлсэн зөвлөгөөнийг нээж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлсэн үгэндээ ” Бидний гол ярих ёстой сэдэв ерөнхийлөгчийн сонгууль, түүний үйл явц эрчимтэй үргэлжилж байна” хэмээн зөвлөгөөнийхөө зорилгыг онцолсон юм. Гурван цаг үргэлжилсэн уг зөвлөгөөний үеэр хөндөгдсөн чухал асуудал нь ерөнхийлөгчийн сонгууль болоход цөөхөн хоног үлдэж байгаа ч өнөөдрийг хүртэл хугацаанд сонгуульд хэрхэн ажиллаж байгаадаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрхэн ажиллах чиглэлээ шуурхай богинохон хугацаанд  ярилцаж тодорхойлоод, үлдсэн хугацаанд үр бүтээлтэй ажиллахаар төлөвлөсөн явдал байлаа. Мөн энэ ерөнхийлөгчийн сонгуульд МАХН сонгуулийн компанит ажлыг хийхэд мөнгө санхүүгийн хувьд багагүй хүндрэл бэрхшээл байгаа. Хуулиараа ерөнхийлөгчийн сонгууль явуулахад урьдчилсан тооцоо 3-аас 5,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байж, ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлыг хийдэг байна. МАХН-ын хувьд хандивын данс гэх мэтээр одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр өрсөлдөж байгаа. Сонгуулийн санхүүжилтийн хувьд маш хүнд байгаа бөгөөд нөгөө хоёр намаасаа  4-өөс 5 дахин бага байгаа нь зөвлөгөөний үеэр яригдсан гол сэдэв байлаа. УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва сонгуулийн ажлын явцын талаархи тайландаа дээрхи асуудлын талаар хэлэхдээ: “Өнөөдөр энэ ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам 20 телевиз, өдөр тутмын 14, долоогоос арав хоног тутмын 6 сонин, цахим мэдээллийн 30 сайт, МАН 16 телевиз, өдөр тутмын 8, долоогоос арав хоног тутмын 4 сонин, цахим мэдээллийн 12 сайттай хамтран ажиллаж байгаа бол, манай нам 5 телевиз, өдөр тутмын 1, долоогоос арав хоног тутмын 4 сонин, цахим мэдээллийн 5 сайттай хамтран ажиллаж байна” хэмээн ярьсан юм. Гэсэн ч нэр дэвшигчийн хувьд рейтинг өндөр байгаа нь түүнийг хөдөө орон нутгаар явахад ихээхэн ажиглагдаж байгаа бололтой. Нэр дэвшигчийн хувьд хамгийн сүүлд Өвөрхангай аймагт очсоноор 11 дэх аймагтаа ажиллаж, нэр дэвшигчийн дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрөө танилцуулах, ард иргэдтэйгээ уулзах, санал бодлыг нь сонсох зэрэг үйл ажиллагаа явагдаж байна. Эцэг өвгөдөөс өвлүүлэн ирсэн өргөн уудам газар нутаг, асар их баялаг, өнөөдөр явагдаад байгаа олигархиудын харалган бодлого, хар амиа бодсон хувийн ашиг сонирхол, үйл ажиллагааны балгаар эзэнгүйдэж, харийнхан түүнийг өөрийн дураар эзэмшин ашиглаж, монголын ард түмнийг бараг хүртээлгүй шахам болгож, биднийг хусман дээр нь зодолдуулахад хүргэж байгаа энэ бүх явдалыг таслан зогсоохын тулд МАХН энэ ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа. Нэр дэвшигчийн хувьд ээж хүн, эрдэмтэн хүн, эмч хүний хувьд энэ бүгдийг хийж чадна хэмээн Монголын ард түмэн дэмжиж байгаа нь харагдаж, зөвлөгөөний үеэр нэр дэвшигч Н.Удвалд Дархан-Уул аймгаас ирсэн МАХН-ын гишүүн Дархан-Уул аймгаас нэг эмч хүн хувиасаа сонгуулийн ажилд нь хандив өгч, мөнгө явуулсныг тодотгоод ,дугтуйтай мөнгө гардуулсан юм. Ийнхүү МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд амжилт хүсч дуу нэгтэйгээр итгэж байгаагаа хэлснээр МАХН-ын удирдах ажилтны зөвлөгөөн дуусав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yumchihai(203.169.53.19) 2013 оны 06 сарын 11

aliwaa zuiliig oluulaa olon saihan sanalaar shiideh ni saihan shuu uneheer ih amjilt husej bn

0  |  0
Top