-Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт ажиллалаа-
Татварын дарамтыг багасгахыг иргэд хүсч байна
МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Богд Очирваанийн алтан ураг Баянзүрх хайрханаар овоглосон 294 мянга гаруй оршин суугчтай нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн бямба гаригт ажиллалаа. Батлан хамгаалахын их сургуулийн соёлын төвд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй уулзахаар ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ болсон төлөөлөл цугларсан байв. Баянзүрхчүүдтэй уулзсан өдөр нь могой жилийн, могой сарын, могой өдөр байсанд ахмадууд ихэд бэлгэшээж “Аварга маань төрөө түвшитгэж, түмэн олноо амгалан байлгах хүн мөнөөс мөн.
Монгол хүн амны бэлгээр гэдэг” хэмээн угтсан юм. Аваргыг хаа ч явсан монголчуудын хайрлан хүндэлдэг гүндүүгүй, төлөв төвшин “аварга” чанар нэвт “үнэртэж” байгаа тухай сонгогч олон ярьж байгаа. Энэ удаа ч уулзалтын танхим ийм уур амьсгалаар дүүрэн байв. Уулзалтад түүнтэй хамт Монгол Улсын зэвсэгт хүчинд алба хааж явсан нэг оны цэргүүд, захирагч, хурандаа нар ч хүрэлцэн ирж, мөр зэрэгцэн ажиллаж байсан цагдаагийн хурандаа, хуульч Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Түүний жудагтай, төлөв, тууштай зан Монголын төрд хэрэг болно хэмээн нөхөд нь хэллээ. “Та Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болох учраас танд хэлэх захиас байна. Монгол Улсын зэвсэгт хүчинд хүчин зүтгэж буй албан хаагчдын нийгмийн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж, анхаарч үзээрэй” гэж хурандаа нар түүнд захихаа ч мартсангүй.
Харин залуучуудын төлөөлөл “Улс төрийн намын харьяалал, намчирхал залууст таатай санагддаггүй” гэж гээд нам, үзэл бодлоор үл ялгаварладаг нийгэмд амьдрахыг хүсдэгээ хэллээ. Ялангуяа Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар энэ асуудалд онцгойлон анхаарах учиртайг залуучуудын төлөөлөл нэр дэвшигчид захиас даалгавар болголоо. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал эл тулгамдсан асуудалд юун түрүүнд анхаарч ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгаснаа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ залууст хандаж хэлсэн. Мөн хууль, шүүхийн байгууллагыг хуулиа мөрддөг, иргэндээ тэгш үйлчилдэг болгож, төр нь төр шиг байх зарчмыг мөрдөж ажиллах талаар мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтууд оруулжээ.
Өнөөдрийн Монголын төрд хэдэн олигархиуд гарч, фракц, бүлэглэлийн болон хувийн бизнесээ цэцэглүүлж, Монголын ард түмний баялгийг дангаараа хүртэж буй шударга бус үйлдэлтэй тэмцэж, баялгийг иргэн бүрт тэгш, шударга хуваарилна гэв. Иргэд ч Монголын төр иргэндээ хатуу хандаж, олигархиудад үйлчилдэг болсныг хэлж “Хазааргүй төрийн бурууг залруулж, зөв зүгт залахад жудагтай, нэр цэвэр, мөр цэвэр улстөрчийн шулуун шударга зан, төлөв төвшин байдал, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл хэрэгтэй” гэдгийг хэлж байна. Ийнхүү иргэд шударга төрийн түшээтэй уулзсандаа сэтгэл хангалуун байж, хэлэх гэснээ хэлж, захих гэснээ захилаа.
Үүний дараа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Да хүрээ” техникийн захыг зорьсон. Энд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд ч олон байна. Тухайлбал, бизнес эрхэлж амьжиргаагаа дээшлүүлэх гэхээр хамгийн түрүүнд татвар нэмж, нуруун дээр нь хүнд ачаа үүрүүлдгийг тэд учирлаж байв. “Монголын төр өөдөө гарах гэж яваа иргэдээ татвараар дараад байж болохгүй” хэмээн тэндхийн машины худалдаачид хэлж байна. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө энэ талаар тодорхой тусгасан. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бизнес эрхлэгчдийн нуруун дээр хүнд ачаа болдог татварын асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж, бизнесийг өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхээ онцолсон юм. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжид татварын дарамт тулгардаг аж. Тэд энэ талаар “Одоогийн Ерөнхийлөгч татварыг хөнгөлж, бизнес эрхлэгчдээ дэмжих талаар юу ч хийгээгүй. Тиймээс бид ам ажлын нэгдлийг хангаж ажиллах таныг дэмжинэ” гэлээ.
Нэр сэвтээгүй хүнийг залуус дэмжиж байна
Хүн амын насжилтаар нь авч үзвэл Монгол Улс залуу улсад тооцогдоно. Тэгвэл энэхүү залуу улсын хамгийн олон залуучуудтай нь Баянгол дүүрэг юм. Ялангуяа залуу гэр бүлийн тоогоор улсдаа толгой цохидгийг дүүргийн иргэний бүртгэлийн ажилтан хэлж байв. Энэ онцлогоос нь хамаарч МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Баянгол дүүргийн 100 гаруй залуу гэр бүлтэй уулзалт хийснээр тус дүүрэг дэх сонгуулийн сурталчилгааныхаа ажлыг эхлүүллээ. Тэрээр иргэд, сонгогчидтойгоо зүгээр нэг мэндчилээд өнгөрдөггүй. Тэдний хүсэл зорилго, ажил амьдралд нь учирч буй саад бэрхшээлийг сонсч, гарах гарцыг хамтдаа хайж, хэлэлцдэг юм. Энэ удаа ч гэсэн залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй орон сууц, ажлын байрны асуудлаар хамтдаа ярилцлаа.
Уулзалтад оролцсон залуус өөрсдөд нь учирдаг хүндрэл бэрхшээлийн талаар янз бүрийн бодолтой байлаа. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг даван туулахад үндэсний эв нэгдэл чухал гэдэг дээр үзэл бодол адил байв. Тэд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ намчирхаж, талцах явдлыг эсэргүүцэж, “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэсэн уриа дэвшүүлснийг дэмжиж байгаагаа санал нэгтэй илэрхийлсэн юм. Залуус ийн хэлсэн нь ч учиртай байж. Учир нь, өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчид болон залуу гэр бүлийг дэмжих зорилгоор “4000 айлын орон сууц”, “40000 айлын орон сууц” болон зургаан хувийн хүүтэй “100000 айлын орон сууц” зэрэг олон төсөл хөтөлбөр санаачилсан. Эдгээр төсөлд олон залуус хамрагдаж, цөөнгүй нь өөрийн гэсэн орон сууцтай болсон. Гэвч эрх баригчид солигдсоноор түүнээс ч олон залуусын орон сууцтай болох мөрөөдөл талаар болжээ. Шалтгаан нь өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрүүдийг шинэчлэлийн Засгийн газар намчирхах үзлийн үүднээс зогсоосон гэж залуус дүгнэж байв. Тэдний дотор зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж байрныхаа урьдчилгаа төлбөрийг төлөөд хохирсон олон залуу гэр бүл байсан юм. Тэдний төлөөлөл болох нэгэн залуу “Хэдийгээр шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар өөрсдийн орон сууцны хөтөлбөрөө танилцуулна гэж амласан ч бодитой ажил хэрэг болсон зүйл нэг ч алга. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар ямар хоол идэхийг минь зааж өгөх гэсээр байтал бид турж үхэх нь” хэмээн бухимдангуй өгүүлсэн юм.
Хамгийн гол нь төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, хойно гарч ирсэн нь өмнөхөө үгүйсгэдэг стандарт бус жишиг төрд бий болсон нь залуучуудын ирээдүйдээ итгэх итгэлийг бөхөөж байгаа нь энэ уулзалтаар анзаарагдаж байлаа. Түүнчлэн залуу гэр бүл, залуучууд өнөөдрийг хүртэл төрийн бодлогын гадна үлдэж ирсэндээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Тэд “Төр барьж байгаа хүмүүс улс төрийн шоу хийх зорилгоор ахмад настны тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгөний амлалт өгдөг. Дараа нь тэр амлалтаа хагас дутуу биелүүлсэн болоод орхидог бол залуусын хувьд юу ч амладаггүй, ерөнхийдөө бол төрийн бодлого, намуудын эрх ашгаас гадуур өнгөрдөг” гэлээ. Тийм ч учраас орчин үеийн залуус улиг болсон улс төрийн намууд болон шоучин улстөрчдөөс залхаж байгаагаа санаа зовж, айх зүйлгүйгээр хэлж байв. Харин тэдэнд ямар нэгэн улс төрийн хүчний эрх ашгийн сонирхолд автаагүй, улс төрийн “хор”-нд оролцож, нэр хүндээ сэвтээгээгүй Б.Бат-Эрдэнэ аварга шиг хүн хэрэгтэй байгаа гэнэ.
Үүнээс гадна дийлэнх залууст төрийн албанд ажиллах боломж гардаггүй. Товчхондоо бол төрийн ажлын талбар нам бус залуусын хувьд хаалттай орчин болсныг нэр дэвшигчид хэлж байлаа. Тиймээс улс орноороо намчирхаж, талцсан энэ байдлаас та л гаргаж чадна шүү гэж нэр дэвшигчид захиж байв.
Дараа нь нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ УБТЗ-ын “Улаанбаатар өртөө”, “Барс” худалдааны төвөөр орж, Баянгол дүүргийн иргэд сонгогчид болон худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг вокзал руу орж ирж таарсан юм. Бидний нэрлэдгээр ганзагын наймаа эрхэлдэг иргэд “Эрх баригчид ард иргэддээ ойрхон шийдвэр гаргах хэрэгтэй байна. Саяхан Засгийн газар шинэ төмөр замын бодлого гээд Богд-Уулын урдуур төмөр зам тавьж, вокзалыг тийш нь нүүлгэнэ гэж яриад байх шиг байсан. Ямар ч улсын төв вокзал хот дотроо байдаг шүү дээ. Тийш нь нүүлгэхээр Эрээнээс бараагаа зөөж, Нарантуул дээр худалддаг бидэнд дарамт болох гээд байна. Бид худалдан авагч нараасаа хэдий чинээ холоос бараагаа тээвэрлэж авчирна, төдий чинээ тээвэрлэлтийн зардал өснө. Ингэснээр юмны үнэ ч өсөх магадлалтай” гэж байв. Тиймээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ жижиг, үйлдвэр эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах нөхцөл боломжийг таатай болгох чиглэлээр дорвитой ажил хийнэ гэдгээ хэлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )