О.Баасанхүү: Ц.Нямдорж намайг арай техникумын хуульч гэж хэлэхгүй биз

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

МАХН-аас УИХ-д суугаа зарим гишүүн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулахаар бичиг явуулсан билээ. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийн цаг дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шүүмжилж байсан. Үүний хариуд Ц.Нямдорж Таныг сэтгэцийн өвчтэй мэтээр дайрч давшилсан нь ямар учиртай юм бэ?

-Энэ хаврын чуулганы бараг сүүлчийн өдөр Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Мэдээлэлтэй холбогдуулан үндсэндээ гурван чиглэлээр асуулт тавьсан. Үүнд, НӨТ-ын босгыг нэмэх талаар АН иргэдийн өмнө амлалт өгч байхыг би орон нутагт Ерөнхий сайдтай хамт явж байхдаа сонсч байсан. Ирээд энэ асуудлыг мартсан учраас би сануулсан юм. 

Мөн хил орчмын нутгуудаар явж, иргэдийн амьдралтай танилцлаа. Ерөнхий сайд гудамж төсөл гэж ярихаас иргэн төсөл гэж ярихгүй юм. Иргэд үнэхээр ядуурч байна. Ядаж хилээр гараад амьжиргаагаа залгуулж байсан асуудлыг Оросын тал гэрээний заалтыг барьж байгаа гэсэн шалтгаанаар Монгол Улсын иргэдийн арилжаа эрхлэх үйл ажиллагааг зогсоох, өндөр төлбөрөөр торгох зэргээр дарамт шахалт үзүүлж байна. Түүнчлэн түр гарсан иргэнийг нь бүр аваад явсан асуудал хүртэл үүсээд байна. Иймээс Засгийн газар хоорондын гэрээг жил бүр дүгнэж, зарим асуудлыг шийддэг учраас энэ талаар анхаарч өгнө үү  гэсэн юм.

Эцэст нь сүүлийн үед АН авлигатай тэмцэж байгаа гэж яриад байгаа. Үнэндээ МАХН-аас дөрвөн жилийн турш хэвлэлийн бага хурал зарлаад Ц.Нямдоржийг тодорхой авлигын хэрэгт буруутгаж байсан. Баримт ч гаргасан байдаг. Монгол Улсын хуульд Ерөнхийлөгч  нүдэн дээр нь ил байгаа Ц.Нямдоржийн асуудлыг шийдэж, үнэн худлыг нь ард түмэнд хэлэх цаг болсон. Өөрийнх нь хэлдэг шиг дэндүү цэвэрхэн хүн юм уу. Эсвэл эсрэгээр байгаа юм уу гэдгийг олж тогтоох хэрэгтэй.

-Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулах болсон талаараа тайлбарлаач?

-Тэр МИАТ-ийн хэргийг шалгуулахгүй нуусан гэж хэлээд байгаа нь ортой ч байж магадгүй. Яагаад гэвэл Х.Баттулга, Ч.Гансүх нар тийм болчимгүй мэдэгдэл хийхээр хүмүүс биш.  Х.Баттулгын нэр төрийг сэргээ гэж шүүх шийдвэр гаргасан байна. Уг нь шударга ёс ярих юм бол зүгээр л цагдаад хандаад нэр төрөө сэргээлгэх ёстой байсан. Нэг сэтгүүлч өнөөдөр Х.Баттулгыг Ц.Нямдоржийн хэлсэнтэй адилаар бичсэн бол өдийд шоронд суух байсан. Хамгийн гол нь Ц.Нямдоржийн асуудал учраас цагдаа, прокурор дээр хөдлөхгүй гэж тооцоолоод Х.Баттулга иргэний шүүхэд хандаж байгаа юм.

2011 онд Үндэсний аудитын газраас 34 тэрбумын төсөлд тухайн үеийн сайд Ц.Нямдорж гарын үсэг зурсан байна. Тухайн төслөөс 853 сая төгрөг дутсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж, энэ асуудлаар АТГ-ын нэг хурандаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна лээ. Ц.Нямдорж намайг арай техникумын хуульч гэж хэлэхгүй биз. Миний үзсэн хуулиар бол төсвийн ерөнхийлөн захирагч нь гэмт хэргийн шинжтэйгээр санхүүгийн хөрөнгө дутаавал давхар хариуцлага хүлээдэг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Joo(76.218.69.21) 2013 оны 06 сарын 10

Nyamdorj ch neg zalarnaa .oirtood l baigaa ddag shuu

0  |  0
Top