Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр 2013 оны 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд томилолтоор ажиллаж, ард иргэдтэй уулзалт хийжээ. Түүнчлэн аймгийн удирдлагуудтай хурал хийж, орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний хэрэгжилт, 2014-2016 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр, аймгийн 90 жилийн ойн бэлтгэл явц зэрэг асуудлуудын талаар ярьж, зөвлөгөө өгсөн байна. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар 90 жилийн ойд зориулан хийх болон хийж байгаа ажлуудын талаар танилцуулсан бөгөөд мөн аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдан авах үйл ажиллагааны алба болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагууд өөрсдийн хариуцсан ажлын явц, үр дүнгийн талаар танилцуулга хийж, зарим зүйл дээр сайдаас тодруулга хийж, чиглэл авч ажиллахаар болсон байна.
2013-2014 оны ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, хүндэтгэлийн цогцолбор байгуулах, 19 суманд 20 худаг байгуулах, Өгий нуур, Тэрхийн цагаан нуурын эко систем хамгаалах, аймгийн төвийн гэрэлтүүлэг, тохижуулалт, орон сууцны фасадны ажил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ гэх мэт ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр ажилдаа ороод байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )