Ц.Элбэгдорж: Хүмүүсээ хаяж орхидоггүй нийгмийг ардчилсан нийгэм гэдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

 

Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогчидтой өнөөдөр хүүхдийн ордонд уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо.
Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчдөөс, бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс анх удаа хөгжлийн бэрхшээлтэй олон зуун иргэдтэйгээ нэг дор нүүр тулан учирч, онцгойлон хийсэн уулзалт, ярилцлага ажээ. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ уулзалтыг нээж хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ нүүр тулан уулзаж байгаа анхны Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гүн талархал илэрхийлье. Манай яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ Үндэсний чуулганыг зохион байгуулж, бас сарын аян өрнүүлэн тэдэнд чиглэсэн бодлогоо тодорхойлж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Мөн яамандаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан бүтэц бий болгож, хэлтэс байгууллаа. Энэ бүхэнд Ерөнхийлөгч маш их дэмжлэг үзүүлсэн шүү. Хөгжлийн  бэрхшээлтэй олон хүний хийсэн бүтээснийг үнэлж Ерөнхийлөгч төрийн одон, медалиар шагнасан. Та бүхний зовлонг хэнээс ч илүү ойлгодог, мэдэрдэг хүн бол ардчилсан Ерөнхийлөгч юм. Цаашид ч Ерөнхийлөгчийн тусламж дэмжлэг туйлын чухал байна. Тиймээс ийм уулзалт санаачилсанд нь бид маш их баяртай байна” гэв.
 
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Хотын шинэ удирдлага том бэрхшээлүүдийг шийдвэрлэх, эрүүл, аюулгүй хот болгох чиглэлээр олон ажил хийж байна. Энэ ажлууд дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нь цөөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих орц гарц шинээр барьж буй бүх зам, барилгад хийдэг боллоо. Дүүрэг, хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулж байна. Түүгээр дамжуулан төрдөө асуудлаа тавьж байгаарай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон улсын том тэмцээнд бор зүрхээрээ оролцон амжилт гаргаж байна. Тэдэнд зориулсан спортын цогцолбор яагаад барьж болохгүй билээ” гэж надад хэлсэн юм. Энэ бол Ерөнхийлөгчийн даалгавар хэмээн үзэж бид тийм цогцолбор барихаар төлөвлөсөн. Өөрсдийгөө хамгийн сайн ойлгодог Ерөнхийлөгчдөө саналаа өгч дахин дөрвөн жил ажиллах боломж олгохыг та бүхэнд уриалж байна” хэмээлээ. 

 

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “Би олон аймаг, хотоор орж олон иргэд сонгогчидтой уулзаж байгаа. Та бүхэн цаг зав гаргаж уулзалтад ирсэнд туйлаас баярлаж байна. Бид хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах ажлыг 24 жилийн өмнөөс эхэлсэн. Хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэдэг амаргүй юм. Одоо л нэг гайгүй болж байна. Бид хамтдаа халж, хөрч явсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Хийдэг, хөдөлмөрлөдөг цаг хугацаа бага байна. Төмөр зам, цахилгаан станцаа барьчихвал нийт иргэдэд очих зүйл нэмэгдэнэ. Ойрын жилүүдэд шатахууны хэрэгцээгээ хангадаг улс болохын төлөө яарч ажиллах хэрэгтэй байна. Сэтгэлтэй, дээр нь хүний эрхийг хүндэтгэдэг байвал бид амжилт гаргаж чадна. Бид хэлснээ хэрэгжүүлж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Анхаарал шаардлагатай хүмүүсээ хаяж орхидоггүй нийгмийг ардчилсан нийгэм гэдэг. Бид анх удаа Хүн ам, хөгжлийн яам байгууллаа. Тэнд та бүхний төлөө ажилладаг хэлтэстэй боллоо. Энэ чиглэлээр бид ажлаа үргэлжлүүлнэ. Сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Тэдний зөвхөн 10 хувь нь сургуульд явж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг сургах асуудлыг төр анхаарах ёстой. Ийм маягаар та бүхний асуудлыг шийднэ. Хөдөлмөрлөж буй хүн болгон орон сууцны зээл авах боломж бүрдэж байгаа. Төрийн өмчийн орон сууц хөгшид, залуучууддаа барина. Тэдгээр орон сууцнаас 20 хувийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хуваарилна. 

УИХ-д төлөөлөл байхгүй иргэдээ би төлөөлж ажиллах болно. Та бүхний асуудлыг шийдвэрлэхийн төлөө УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн дэд бүтцийг хуульчилж өгөх ёстой гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг чигт харж ажиллах боломж байна. Энэ байдлыг хадгалах хэрэгтэй байна. Ингэхгүй бол та бүхний шийдүүлэх ажил сараар, жилээр хойш ухарсаар байна. Жишээ нь Засгийн газар огцроход Ерөнхий сайдаа тавих гэж нэг сар, танхимаа бүрдүүлэх гэж гурван сар, ажилтайгаа танилцах гэж нэг жил болдог. Үүнээс болоод таны асуудал шийдлээ хүлээхэд хүрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд спортын өндөр амжилт гаргасных нь төлөө гавьяат цол олгосондоо баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажил хөдөлмөр эрхлэх, спортын амжилт гаргахад нь дэмжиж тусална аа. Өөрсдөө хийж чадах зүйлийг гадаадаас худалдаж авахаа больё. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ оёдлын үйлдвэр байгуулж өгч сургуулийн хүүхдүүдийнхээ жигдрэн өмсдөг хувцсыг хийлгэе л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүд байгуулъя. Тэд бол хөгжих эрмэлзэлтэй иргэд. Та бүхэн ядарсан үедээ Ерөнхийлөгчдөө хандаж байгаарай. Та нарыгаа дэмжих болно” гэлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ерөнхийлөгчтэйгөө гар барьж, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа хэлцгээж, төрийн хараа хяналт зайлшгүй шаардлагатай бидэнд Ерөнхийлөгч таны дэм чухал байна. Таныг бид дэмжих болно гэдгээ нэгэн дуугаар илэрхийлцгээсэн юм.  
                                                                                                                                                                                         Н.Мөнх-Ялалт 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.16.82) 2013 оны 06 сарын 11

Дээр үед улс задарч бутрах үед эмэгтэй хүн гарч зангидсан гарт нэгтгэж байсан эцэг өвгөдийн түүх эргэж ирж байна Улсаа боддоггүй ардаа хаясан авилгачин түшмэдүүдээс ард олон залхаж байгааг мэдүүштэй одоо бидэнд шударга тууштай эх оронч элгэн халуун нутгаа бусдад худалдахгүй хүн хэрэгтэй тэр нь Удвал байна

0  |  0
zochin(122.201.18.18) 2013 оны 06 сарын 11

tiimee hoo ogloo bosood kharsan hun bolgon ijil kharagdaad baigaa yum

0  |  0
Зочин(203.91.117.4) 2013 оны 06 сарын 11

Төрийн албан хаагчдийг хомроглон халж байхад та дугарахгүй л байсан шүү дэ энэ чинь ард түмнээ гэсэн сэтгэл мөнүү битгий тэгж хошигруул ард түмэн ойлгодог болсон цаг

0  |  0
Зочин(203.91.117.4) 2013 оны 06 сарын 11

Хүмүүсээ хаяж орхидоггүй нийгмийг ардчилсан нийгэм гэдэг гэж Элбэгдорж юу яриад байгаа юм бэ монголын ард түмнийг намаар нь ялгаварлан гадуурхаж байгааг чинь юу гэж ойлгох вэ. Урьд гарч байсан ерөнхийлөгчид ард түмнээ 2 хувааж байгаагүй шүү .

0  |  0
Top